ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаагийн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөлтэй уулзлаа

Админ
2022/02/22

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Тэд “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн гишүүдээс гаргасан цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс тооцож олгох, нийгмийн болон орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамруулах, ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ шаардлага байгаа асуудлыг салбарын сайдад уламжиллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Та бүхний тавьж буй эдгээр асуудал бодит амьдрал дээр тулгарч байгаа нь үнэн. Хуулийн байгууллагын гэр бүлийнхэнд ч тулгардаг бэрхшээл яахын аргагүй мөн. Тэр дундаа цагдаагийн алба хаагчид ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байна. Цагдаа нарын үүрэг оролцоо, аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид цар тахлын дэглэмийн үед харсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс өнгөрсөн жил гаруйн хугацаанд цагдаагийн алба хаагчдын хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажилласан” гэдгийг дуулгаад, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг багагүй ажил, арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулж, санал солилцлоо.

Тэрээр уулзалтын төгсгөлд “Цаашид бид төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлж, цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлд тодорхой ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлнэ” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна