Антонио Гутерреш: Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай зогсох цаг

Админ
2022/03/07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш эмэгтэйчүүдийг эрхийг хангах, ялангуяа Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн үйл явцад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр дэлхийн улс орнуудад хандан уриалга дэвшүүлжээ. Тус уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Антонио Гутерреш: 

Дэлхий нийтээрээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж буй энэ цаг үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр өмнө хүрсэн амжилтаасаа ухарч байгаад миний бие харамсаж байна. Үүний хохирлыг бид бүгдээрээ амсаж байна.

 Сүүлийн жилүүдэд тохиосон шил шилээ дарсан хямралууд нь эмэгтэйчүүдийн манлайлал хэзээ хэзээнээс илүү чухал болохыг илтгэн харуулав.

 Эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн ажилтнууд Ковид-19 цар тахлын эсрэг баатарлагаар тэмцэж байна.

 Гэтэл, үүний зэрэгцээ, эмэгтэйчүүд, охид хамгийн түрүүнд ажлын байраа алдаж, сургуулиа орхиж, цалингүй гэр орны болон үр хүүхэд, дүү нараа асран халамжлах ажил хийхээс өөр аргагүй нөхцөлд үлдэж байна. Мөн охид эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн болон цахим хүчирхийлэл огцом нэмэгдсэний зэрэгцээ олон охид хүүхэд насандаа гэрлэх сорилттой тулгарч байна.

 Цар тахал нь эцгийн эрхт ёс амь бөхтэй оршиж буй гашуун үнэнийг дахин нотолж харууллаа. Бид эрчүүд давамгайлсан соёлтой, эрэгтэйчүүдийн нөлөө бүхий ертөнцөд амьдарч байна.

 Үүнээс улбаалан, эмэгтэйчүүд цагийн сайханд ч, хүнд хэцүү үед ч ялгаагүй ядууралд нэрвэгдэх магадлал өндөр байна. Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрч, тэдний боловсрол эзэмших, өсч дэвжих боломж хязгаарлагдаж байна.

 Этиопоос Афганистан болон өнөөдрийн халуун бүс болоод буй Украйн гээд зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт охид эмэгтэйчүүд хамгийн эмзэг байдалд байгаа ч тэдний энхийн төлөөх дуу хоолой хамгаас илүү чанга, хүчтэй сонсогдож байна.

 Иймд бид охид, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах асуудлыг анхаарлынхаа төвд тавьсан феминист сэтгэлгээг сэргээж байж гэмээнэ ирээдүйд бүх нийтийн тогтвортой, эрх тэгш сэргэлтийг авчрах боломжтой.

 Бидэнд эмэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, сургалт, зохистой хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн зорилтот хөрөнгө оруулалтаар дамжуулж бий болгосон эдийн засгийн ахиц дэвшил хэрэгтэй. 2030 он гэхэд 400 сая ажлын байр шинээр бий болгох зорилтыг хэрэгжүүлэхдээ эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд тавих ёстой.

 Бид нийгмийн хамгааллын тогтолцоо, халамжийн эдийн засагт хөрөнгө оруулалт хийх замаар нийгмийн дэвшлийг хурдасгах хэрэгтэй. Ийм хөрөнгө оруулалт нь тусламж хэрэгтэй байгаа тэр л хүмүүс, тэр дундаа хүүхэд, ахмад настан, өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн зэрэгцээ асар их ногдол ашиг авчирч, ногоон, тогтвортой ажлын байрыг бий болгоно.

Дэлхий дахинаа ноёрхоод буй ёс суртахууны хувьд дампуурсан санхүүгийн тогтолцоог шинэчлэхэд бидэнд санхүүгийн дэвшил хэрэгтэй. Ингэснээр бүх улс орнууд эмэгтэйчүүд төвтэй эдийн засгийг сэргээхэд хөрөнгө оруулах боломжтой болно. Үүний тулд дэлхий дахинд буй асар их баялгийн зарим хэсгийг тусламж дэмжлэг нэн шаардлагатай тэдгээр хүмүүст чиглүүлдэг өр чөлөөлөх болон татварын илүү шударга тогтолцоог бий болгох шаардлагатай.

Бид, эмэгтэйчүүд, охидыг харьцангуй эмзэг болгож буй хүлэмжийн хий ялгаруулдаг бодлогогүй өсөлт, жендэрийн тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зайлшгүй шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийг эрчимтэй эхлүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ чулуужсан түлшнээс шийдэмгий шилжилт хийхийн тулд хөгжингүй улс орнууд санхүүгийн болон техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх амлалтаа нэн даруй биелүүлэх хэрэгтэй. Ингэж хэмээнэ ирээдүйн эдийн засгийн тогтвортой хөгжил дэвшил нь жендэрийн мэдрэмжтэй, ногоон, тогтвортой болгох боломжтой.

Сангийн сайд, гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж, төрийн болон бизнесийн салбарыг манлайлдаг, бүх нийтэд ашиг тусаа өгөх ногоон, нийгмийн дэвшилтэт бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг илүү олон эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй байна.

Тухайлбал, парламентад эмэгтэйчүүд илүү олон байснаар, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр илүү эрүүл амлалт авах, эрүүл мэнд, боловсролын салбарт илүүтэй хөрөнгө оруулалт хийгдэх асуудал шийдэгддэг гэдгийг бид мэднэ.

Жендэрийн квотыг зоригтойгоор тогтоон, эмэгтэйчүүдийн тэгш манлайлал, төлөөллийг хангахад чиглэсэн зорилтот арга хэмжээ авах замаар улс төрийн дэвшилд хүрэх хэрэгтэй байна.

Жендэрийн тэгш бус байдал нь үндсэндээ эрх мэдлийн тухай асуудал юм. Зуу зуун жилээр ноёрхсон эцгийн эрхт ёсыг үндсээр нь халахын тулд эрх мэдлийг аливаа байгууллагын бүх түвшинд тэгш хуваарилах хэрэгтэй болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллага гэхэд, байгуулагынхаа түүхэнд анх удаа төв оффисын удирдах албан тушаалтнуудын түвшинд болон дэлхий даяарх салбарууддаа жендэрийн тэгш байдлыг хангаад байна. Энэ нь, бидний дэмжиж туслахаар зорьж буй зорилтот бүлгийг илүү өргөнөөр төлөөлж, тэдэнд хүрэх үйл ажиллагааг маань ч мөн эрчимтэй сайжруулсан юм.

Бид алхам тутамдаа, дэлхийн өнцөг булан бүрт, бүхий л салбарт ахиц дэвшил рүү тэмүүлж буй эмэгтэйчүүд, охидоос урам зориг авах болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч залуу эмэгтэйчүүд засгийн газруудад амлалтаа биелүүлэх шахалт үзүүлэх дэлхийн хүчин чармайлтыг манлайлж байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид эрх тэгш байдал, шударга ёсыг зоригтойгоор шаардаж, энхийг сахиулагч, энх тайвныг тогтоогч, хүмүүнлэгийн үйлстэний хувиар дэлхийн зарим нэгэн зөрчилдөөнтэй бүс нутагт амар амгалан нийгмийг цогцлоохоор ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн идэвхтэй өрнөдөг нийгэмд ардчилал илүү хүчтэй байдаг.

Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүд, охидод илүү боломж олгоход чиглэсэн хөрөнгө оруулалт хийснээр бүх хүн төрөлхтөн үүний ашиг тусыг  хүртдэг.

Энэ нь шударга ёс, тэгш эрх, зан суртахуун, эрүүл саруул ухааны асуудал учраас бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах цагийн зүүг урагшлуулах хэрэгтэй.

Бидэнд эмэгтэйчүүд, охидын манлайлалд тулгуурласан тогтвортой, феминист төвтэй сэргэлтийг хийх хэрэгтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна