ТОВЧЛОЛ: Ард түмэн хүнс, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна

Б.Ариунзаяа
2022/03/15

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнийг ТОВЧИЛЖ хүргэе. 

МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫ ЭНЭ ЭРИН ҮЕД МЭДЭХГҮЙН ГАЙД НЭРВЭГДЭЖ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ДАВЛАГААГААР НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН ШИЙДВЭР ГАРГАЖ, ХӨТЛӨГДӨЖ БОЛОХГҮЙ

- Коронавирусийн дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломж бий боллоо.

- Цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж таамаглах аргагүй, яах нь тодорхойгүй олон эрсдэлийг өдөөж байна.

- Гадаад орчин эмзэг байгаа энэ үед бидний монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. 

- Мэдээллийн дайны энэ эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүй.

- Олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна.

- Монгол Улсын эдийн засаг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улс болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа.

- 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувь буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үнийн өсөлт эрчимжиж, инфляц 2022 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрчээ.


ЗЭСИЙН ҮНЭ ТОНН НЬ 15.000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ ГЭСЭН ТООЦООЛЛЫГ ШИНЖЭЭЧИД ХИЙСЭН БАЙНА


Үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлж дараах асуудлуудыг даруй анхаарах шаардлагатай. Үүнд:

1. Өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээг авч, үнийн өсөлтийг бууруулах;

2. Импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих мөнгө, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх;

3. Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэн, батлах;

4. Эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж, боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

5. Үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл эмзэг бүлэгт хүндээр тусах магадлалтай тул нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал байна.

- Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайн ажиллах хэрэгтэй байна.

- Дэлхийн зах зээл дээр алтны ханш унци нь 2000 ам.долларт дөхлөө. Нүүрсний үнэ гуравдугаар сар гарснаас хойш тонн тутамдаа 300 юаниар нэмэгдсэн. Зэсийн үнэ сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн ч цаашид нэмэгдэнэ, тонн нь 15.000 ам.долларт хүрэх магадлалтай гэсэн тооцооллыг шинжээчид хийсэн.

- Европ, Азийг холбосон худалдааны нэг томоохон зангилаа нь манайх байх боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх, боломжийг бодит ашиг, үр дүнд хүргэхэд чиглэсэн зөв бодлогыг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна.


ИРГЭДИЙН ХАМГИЙН ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ НЬ ХҮНС, ШАТАХУУНЫ ӨСӨЛТ, ТҮГЖРЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ, ЯДУУРАЛ


- Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэнэ.  Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэх юм. Товчоор хэлбэл Монгол Улс шинэ сэргэлтийн сэргэн мандлын замд гарна. Тиймээс бодлого баталсандаа санаа амарч, тайвширч, алгуурлаж сууж хэрхэвч болохгүй.  

- Сүүлийн 14 жилийн 12 жилд нь манай улсын төсөв, төлбөрийн урсгал тэнцэл хос алдагдалтай байснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэж, үнэ ханш буурах биш, өсөх дараалаар үргэлжилсээр ирэв. 

- Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хараат болж, нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт 4 хувьд ч хүрэхгүй болжээ. Үүний уршгаар орлогын ялгаа нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.

- Өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ долдугаар сард ашиглалтад орох ёстой. Эдгээр төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60.0 сая тоннд хүрэх боломжтой. Тиймээс төмөр замдаа онцгой анхаарал хандуулж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээ авч ажиллах нь чухал байна.   

- Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр үндэсний хэмжээнд явуулсан олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 45 хувь нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчид ойрын үеийн нэн тулгамдсан таван асуудлаар:

    -хүнсний барааны үнийн өсөлт;

    -шатахууны үнийн өсөлт;

    -эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний чанар, Ковид-оос бусад өвчлөлд анхаарал хандуулах байдал;

    -Улаанбаатар хотын замын түгжрэл;

    -ядуурал, иргэдийн амьжиргааны доройтлыг нэрлэсэн байна. 


 ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ГУРАВНЫ НЭГ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫНХ БАЙГААД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ


- “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль багтсанаас бид 14 хууль баталж, 2 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа.

- Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төслүүд батлагдаагүй үлдээд байна. Нэн тэргүүнд батлах ёстой эдгээр хуулийн зарим нь одоо хүртэл өргөн баригдаагүй байгааг сануулъя.

- Хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн хууль “үйлдвэрлэх” төдий ойлголт бус, хууль батлан гаргах, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгаж, эцсийн үр дүнд хүргэх замаар нийгмийг хуулиар жолоодох нь энэ эрх мэдлийн үндэс юм. 

- Өнгөрсөн он жилүүдэд хянан шалгах чиг үүрэгтээ Улсын Их Хурал дутуу дулим хандаж ирсэн нь бодит үнэн.  Хууль хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэсэн зарчмаар халхавч хийсээр өнөөг хүргэсэн. 

- Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм. Тиймээс Улсын Их Хурлаас тусгайлан ажлын хэсэг байгуулж, тус банканд хяналт шалгалт хийж байна.

- Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно.

- Зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчдээ зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье.

- Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстой. 

- Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг  хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн бүхий л ашиг сонирхолын бүлэглэлүүдийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байна. 

- Сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.


ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ТООГ ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСНЫГ УЛС ТӨРИЙН НАМУУД САНАЛ НЭГТЭЙГЭЭР ХЭЛЖ БАЙНА


- Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Сайжруулах гэдгийг улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна.

- Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.

-  Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. 

- Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан.  Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна.

- Улсын Их Хурал иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна.

- Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ.

 - Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдож, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.6 саяд хүрсэн. Суурь бүтэц ийм сайн байхад иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж, Улсын Их Хурал болон иргэдийг зааглаж буй зааг ялгааг нураах зорилго амжилтад хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.


ДАЯАРШЛЫН ЭРИНД ҮНДЭСТНИЙ ОНДООШЛООРОО ЯЛГАРЧ, ОЮУНЫ ДАРХЛААГАА СЭРГЭЭН БЭХЖҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ 


- Монголчууд бид нэгдмэл үнэт зүйлстээ тулгуурлан, эвийн хүчийг эрхэмлэн, Монголоо мандуулах түүхэн цаг ирсэн байна. Үүнтэй холбогдуулан “Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо санаачлаад байна.

 - Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголынхоо ирээдүй хойчсын өмнө бидний хүлээх журам үүрэг юм.

-  XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг боловч даяаршлын эринд үндэстний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 - Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархалт өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч ард түмэн болох, ядуурлаас салж, хөгжин дэвшихэд чиглэх болно. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.87
    2022/03/15

    Гишүүдийн тоог нэмнэ гэдэг чинь хулгайчуудын тоог нэмнэ гэсэн үг мөн биз.

    Хариулах
  • 66.181.188.158
    2022/03/15

    эд нар шиг новшнуудаас болж энэ улс мөхөж байна

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/03/15

    хай яа энэ үхэр монголчууд нэгийгээ алж л байвал сайн монголчууд залхуу архичин хар тамхичин яаж ч бодсон хөгжихгүй ээ

    Хариулах