​ ТАНИЛЦ: “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аас гарсан онцлох үр дүн

Админ
2022/03/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд хоёр өдөр хуралдлаа.

Бүс нутгийн чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар онцлон хэлэлцэж дараах бодит үр дүнд хүрлээ. Үүнд:


1.         Монгол Улсын зүгээс бүс нутгийн орнууд болон ОУБ-ууд, доноруудтай хамтран уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх бүс нутгийн хэмжээний уриалга гаргалаа;

2.         ОУБ-ууд, донорууд, бүс нутгийн орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, ногоон санхүүжилтээ нэмэгдүүлж, хамтдаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийллээ;

3.         Ногоон хөгжлийн шилжилтэд хувийн салбарын оролцоо, манлайлал үндэс суурь гэдэг дээр талууд санал нэгдэж, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ илэрхийллээ. Энэ хүрээнд;

•           Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “ҮНДЭСНИЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ЗАМЫН ЗУРАГ”-ийг амжилттай баталлаа;

•           Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд санхүүгийн салбараас санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагууд уг санд жил бүр хамгийн багадаа 2-3 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм.

•           Мөн банкны салбарын ногоон зээл 2021 оны эцсийн байдлаар нийт зээлийн 1.5 хувь буюу 300 гаруй тэрбум төгрөг байгаа бол 2030 он гэхэд энэ хувь хэмжээг 10 хувь буюу 5.1 их наяд төгрөг хүргэн нэмэгдүүлэхээр тогтлоо.

•           Банк бус санхүүгийн салбар ногоон зээлийн багцаа 2030 он гэхэд тэдний нийт зээлийн 5 хувьд хүргэхээр тохирлоо. 

4.         “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дотоодын санхүүгийн байгууллагууд, зарим томоохон ААН-үүд дэмжин оролцож, 17 байгууллага нийт 88.6 сая мод ургуулж, арчилж, хамгаалахаа Төр, засаг, ар түмнийхээ өмнө батламжиллаа.

5.         Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх олон талт хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх болон шинэ сэргэлтийн бодлогын ногоон хөгжлийн сэргэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үндсэн 3 чиглэлээр 23 төрлийн санал, зөвлөмж гаргалаа. Эдгээр зөвлөмж нь 4 дүгээр сарын 7-8-нд Монголын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд танилцуулагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна