Б.Жавхлан: Засгийн газар шатахуун, мах, гурилын үнийг хуулиар тогтворжуулна

Б.Ариунзаяа
2022/04/04

Сангийн сайд Б.Жавхлан үнийн өсөлтийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгөв. 

Б.Жавхлан: 

- Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шатахуун, мах, гурилийн үнийг тогтворжуулахаар Засгийн газраас хуулийн зохицуулалтаар хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн үнийн өсөлт энгийн үеийнх шиг биш. Энэ бол онцгой нөхцөл байдал, геополитек, зэвсэгт мөргөлдөөн зэргээс нөлөөлж байна. 

Тиймээс энэ нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засгийг бага хохиролтой, ард түмний нуруунд ачаа үүрүүлэхгүй байхаар зохицуулалт хийхээр болж байна. Хаа нэг газраас төсөв гаргана гэхээсээ илүү одоо үүсэж байгаа шок-ууд дээрээ анализ хийх шаардлагатай байна. Тухайлбал шатахууны үнэ, шатахууны нийлүүлэлт биднээс шалтгаалахгүй. Тиймээс нийлүүлэлтийн шоконд орж болохгүй. 

Дараагийн хүндрэл нь үнийн асуудал. Тиймээс Засгийн газар хэрхэн хамтарч ажиллах бололцоог харах шаардлагатай. Мөн дотооддоо махны үнээ тогтвортой байлгахын тулд нөөцийн махны нийлүүлэлт дээр анхаарч, одоо байгаа үнэ ханшаа тогтвортой барих тал дээр шийдлээ гаргасан. 

Түүнчлэн гурил, будааны үнийг тогтворжуулах бодлого барина. Энэ жилийн тариалалтаас өнгөрсөн жилийн нөөцөлсөн тариа, будааг хэрхэн хуваарилах, хүргэх зэрэг дээр анхаарна. Төрөөс боломж олгоно. Харин тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал. Ингэж байж улсаараа бага хохиролтой даван туулна. 

Анхаарах ёстой гол зүйл бол АМНАТ. Түүхий эдийн гол экспортууд дээр доголдол гарч байгаа учир үүнд л анхаарах шаардлагатай байна. 

Мөн өргөн хэрэглээний барааны тухайд бүгдийг дийлэхгүй учир гол гурван зүйл дээр л анхаарал хандуулна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.144
    2022/04/04

    Нэн тэргүүнд бензин шатахууны нийлүүлэлт, үнэ хоёр чухал байна!!!

    Хариулах