Б.САРАНТУЯА: ​Дахин давтагдашгүй соёлын өв хадгалдаг бид​ бороо орох бүрт ажил дээрээ цугладаг

Админ
2022/11/17

2008.07.01 болон 2009.05.19-ний өдрүүдэд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд галд өртсөн болон зарим нэг бүтээлүүд алдагдсан талаар МУЗГ-аас мэдээлэл хийж байна...

Монголын Уран зургийг галерейн захирал Б.Сарантуяа:

Дахин давтагдашгүй соёлын өв хадгалдаг бид бороо орох бүрт санаа зовж, ажил дээрээ цугладаг

- Өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийх гэсэн юм. Монголын уран зургийн галерей бол Төрийн өмчийн цорын ганц галерей. 31 жилийн түүхтэй. Энэ хугацаанд нийслэлийн өмч болох СТӨ-г түрээсээр ашиглаж ирсэн. 2500 ам.метр талбай дээр соёлын өвийн цор болсон бүтээлүүдийг ард түмэндээ танилцуулж, урлагийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 5 том сан хөмрөгтэй. 4000 гаруй бүтээлээр жилдээ 50-60 үзэсгэлэн зохион байгуулдаг. 

- Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Музейн тухай хуульд соёлын өвийг стандартын газар хадгалах тухай заасан байдаг. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш бичиг баримт, эрх зүйн тал дээр нэлээн ахиц гарсан ч бодит байдал хэрэгжилт тун муу байна. Нөгөө л хүний нөөц, мөнгө төгрөгийн асуудал яригдаж байна. 

- Манай галлерей 31 жилийн түүхэндээ 13 хүний орон тоотой ажиллаж ирсэн. 560 мянган төгрөгийн цалингаар үзвэрийн танхимын ажилтан яаж амьдралаа авч явах вэ.

- Манайх 5 том сан хөмрөгтэй. Гэтэл жилд 10 гаруй удаа дээрээс ус алдаж байна. Дахин давтагдашгүй соёлын өвийг хадгалдаг бид маш том эрсдэл үүрдэг. Тиймдээ ч бороо орох бүрт галлерейн ажилтнууд сэтгэл түгшиж, ажил дээрээ цугладаг. Ийм байдалтайгаар хэдий хүртэл соёл болон оюуны өмчөө хадгалах вэ. Том зургаар харвал Үндэсний аюулгүй байдал болон соёлын аюулгүй байдалд халдаж байна. Өнөөдөр л  дуугарахгүй бол эс үйлдэхүй гэмт хэрэг болох байгаа учраас дуу хоолойгоо нэгтгэж байна.


Эрх мэдэлтнүүдэд зориулж, 3 удаа хаалттай үзэсгэлэн гарсан ч хэн нь ч тоогоогүй 

- 2008.07.01 болон 2009.05.19-ний өдрүүдэд гарсан гал түймрийн улмаас 900 гаруй бүтээл галд өртсөн. Тухайн үед хоёр удаа төсөл хэрэгжүүлсэн. Гэвч 2015 оноос хойш зогссон ч 2019 оноос Урлагийн бүтээл үрчлүүлэх гэх төсөл хэрэгжсэн. Одоогийн байдлаар 7 бүтээлийг иргэн ААН үрчлэн авч, сэргээн засварлаад дахин үзэгчдийн бүтээл болгоод байна. Сэргээн засварлах, сэргээн бүтээх гэх 2 төслийг хэрэгжүүлж байна. 

- Шатсан бүтээлүүдээр хаалттай үзэсгэлэн гаргаад байна. 2019 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад шийдвэр гаргах түвшний хүмүүст зориулаад 3 удаа ийм хаалттай үзэсгэлэн зохион байгуулсан. Шатсан зургуудыг хараад эрх мэдэлтэй хүний хувьд шийдвэр гаргаж өгөх болов уу гэж горьдсон. Харамсалтай нь ямар ч шийдвэр гараагүй. 

- Германы Элчин сайдын яаманд төсөлд бичсэн. Харин тэд хүн төрөлхтний хамгийн том өв, соёл юм гээд Германы Засгийн газрын Соёлын өвийг хадгалах хамгаалах сангаас 2022 онд 100 мянган еврогийн буцалтгүй тусламж өгсөн. Энэ төслийн хүрээнд дэлхийн стандартыг хангасан лаборатортой болсон. Гэтэл ирэх оны төсөв дээр энэ лабораторийг ажиллуулах ганц ч төгрөг төсөвлөгдсөнгүй.  

- Монголын Уран зургийн галерей сар болгон 10 сая төгрөгийн түрээс төлдөг. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна