Б.ЭНХБАЯР: Хөгжлийн банкны асуудлаар одоогоор 1 сая орчим гүйлгээг шалгаад байна

Админ
2023/01/09

Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар мэдээлэл өгч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: 

- УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдсан. Энэ хүрээнд түр хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байсан. УИХ-ын Хянан шалгалтын тухай хуульд зааснаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болохоос 7 хоногийн өмнө иргэд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан. 

- 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наядын төгрөг бүхий 77 зээлдэгчтэй холбоотой зээлийн олголт, эргэн төлөлтийн асуудлыг сонсож, холбогдох гэрчүүд болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчээс асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна. 

- Хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Хөгжлийн банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл арга хэмжээний үр дүн, ашиглалт, зарцуулалтын талаар ярилцана. Мөн Хөгжлийн банканд өмнө нь хийгдэж байсан хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг сонсоно. 

- Гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно. Өмнө нь Хөгжлийн банкны зээлийн ашиглалтын талаар шалгалт хийгдэж байгаагүй. 


- Ирэх 7 хоногт зохион байгуулагдах Хөгжлийн банкны 77  зээлдэгчтэй холбоотой зээлийн олголт, эргэн төлөлтийн асуудлыг сонсож, холбогдох гэрчүүд болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчээс асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна. Эдгээр зээлдэгчдээс 22 нь хэвийн гэсэн дүгнэлт гарсан. Үлдсэн 55  зээлдэгчийн төсөл хөтөлбөрийг нэг бүрчлэн ярина. Нэг өдөрт 11 төслийг авч хэлэлцэнэ гэсэн үг. 

- Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь Ерөнхий хяналтаас эрс ялгаатай. Олон нийт чөлөөтэй оролцох боломжгүй. Зөвхөн Түр хорооны гишүүд оролцож, асуулт асууна. Одоогоор гэрчээр дуудахаар 300 гаруй хүний нэрсийг гаргасан. Энэ долоо хоногт гэрчээр дуудах ажлыг энэ долоо хоногт бүрэн хийж дуусна. 

-  2010 оноос ажиллаж байсан ТУЗ, удирдлага, эрхэлж байсан сайдууд тогтмол сууж, асуултад хариулна. 

- Түр хорооны хурлаар 166 хүнийг гэрчээр дуудахаар тогтсон. Түр хороо хилийн хориг тавьдаг эрх бүхий байгууллага биш. Тиймээс сарын өмнө шүүхэд зөвлөмж өгсөн. Гэвч энэ хугацаанд хилээр гарсан хүмүүс бий. Сонсгол дээр зөвхөн нотлох баримтыг ярина. 

- Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өнгөрсөн  хугацаанд 1 сая гүйлгээг шалгаад байна. Цаашид дахин 1 сая орчим гүйлгээ шалгагдана. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна