Х.НЯМБААТАР: "Шувуу" ажиллагаагаар авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаад оргон зайлсан, зугтсан этгээдүүдийг авчирч, хариуцлага тооцно

Б.Ариунзаяа
2023/02/08

LIVE: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Х.НЯМБААТАР:

- 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ хүрээнд далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар ДНБ-ийг 55 орчим их ная төгрөгт хүргэх боломж бий гэж холбогдох яамдууд тооцоо, судалгаа гаргаж өгсөн.

-Авлигатай тэмцэх жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ий нэг хүнд ногдох орлого анх удаа 5,000 ам.доллароос дээш гарах боломжтой тооцооллыг гаргасан.  Авлигатай тэмцэж, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, хөтөлбөр, зорилтуудыг судалсны үндсэн энэхүү тогтоолыг боловсруулсан гэдгийг хэлье.  Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн улс орнууд гурван үндсэн хүсэл, эрмэлзэл давхцаж тохиож байж үр дүнд хүрснийг улс орнуудын тэргүүн туслахууд нотолдог. Тухайлбал,

  • -Нэгдүгээрт, тухайн улс орны Засгийн газар авлигатай тэмцэх чин хүсэл байгаа эсэх нь тэмцлийг хөдөлгөгч хүч болдог.
  • -Хоёрдугаарт, авлигын эсрэг тэмцлийг хийхэд иргэдийн дэмжлэг.
  • -Гуравдугаарт, чадварлаг хууль сахиулах тогтолцоо нь авлигын эсрэг үр дүнд хүргэж байна.

- Авлигатай тэмцэх жилийн хүрээнд “Таван Ш” үйл ажиллагааг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

- Нэгдүгээрт, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог бий болгох.

- Хоёрдугаарт, Шүүр ажиллагаа. Улс төр болон нийтийн албанд ажилладаг орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлөхийг даалгалаа. Энэ хүрээнд нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж буй хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбум төгрөгийн амины орон сууцтай, олон зуун сая төгрөгийн үнэтэй машин хэрэглэдэг атлаа цалингаас өөр бизнесгүй гэдэг албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ.

- Гуравдугаарт, Шувуу ажиллагаа. Энэ нь авлига, албан тушаалын гэмт хэргээр шалгагдаж байгаад оргон зайлсан, зугтсан, гадаадын улсад байгаа, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ болон олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулна. Энэ удаа нэр дурдмааргүй байна.

- Дөрөвдүгээрт, Шилжүүлэн авах ажиллагаа. Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө орлогыг илрүүлэн буцаан авчрах ажлыг эрчимжүүлнэ. Гэмт хэргийн замаар олсон орлого, хураагдсан эд хөрөнгүүдийг улсын орлого болгож хэрэгцээтэй үйл ажиллагаанд хэрхэн зарцуулах хууль эрхзүйн орчин бүрдүүлж танилцуулахыг манай яаманд даалгасан.

-  Тавдугаарт, Шилэн байх ажиллагаа. Төрийн өмчит бүх компанийн засаглалыг энэ оны нэгдүгээр хагаст багтаан солихыг шилэн ажиллагааны хүрээнд даалгаж байгаа. УИХ-д төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг нэн яаралтай горимоор батлуулж, хэрэгжилтийг хангахыг даалгалаа. Төрийн өмчит компани бүрд зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийг томилох. Зарим төрийн өмчит компанид гадаадын менежментийн багуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох замаар энэ оны эхний хагаст төрийн болон орон нутгийн өмчит компаниудын удирдлагыг шилэн болгохыг даалгасан гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна