Д.СУМЬЯАБАЗАР: Дунзян чөлөөт худалдааны боомтын бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээслэх төслийг яаралтай урагшлуулна

Админ
2023/02/13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр хот Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, сайн жишгийг нутагшуулах боломж бүрдүүлэхээ энэ үеэр хэлэлцсэн юм.

“Тээвэр логистикийн төв” төслийн ажлыг урагшлуулна

Түүнчлэн дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог Тяньжин хотын боомтыг түшиглэн хамтран ажиллах боломжуудын талаар эл уулзалтын үеэр хэлэлцлээ.

Тяньжин хотын боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг. Тиймээс уг боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал гэдгийг талууд онцолсон юм. 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол Улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд Санамж бичиг байгуулж, Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-логистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байжээ. Сүүлийн 16 жилийн турш тодорхой шийдэлд хүрээгүй энэ төслийг урагшлуулах, хамтран ажиллах боломжуудын талаар мөн хоёр тал хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-“Тээвэр логистикийн төв” төслийн хүрээнд боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээсэлж, Монгол Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг хадгалах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт бүсийн орчинд бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүнийг стандарт агуулахад хадгалах, талбай түрээслэх, тээвэр зууч, логистикийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тэгэхээр төслийг яаралтай урагшлуулах, 10 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээн байгуулалт хийх тал дээр дэмжихээ Тяньжин хотын удирдлага илэрхийллээ хэмээв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.143
    2023/02/13

    За энэ ч дээ. Яаж идэж уух уу гээд яваа биз.

    Хариулах