Ухаалаг, эко хотын шийдлүүдийг Улаанбаатарт нутагшуулна

Админ
2023/02/13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж байна.

БНХАУ-ын Тяньжин хот смарт буюу ухаалаг технологид суурилсан дүүргийг хөгжүүлж буй. Энэхүү дүүргийн 31 хорооллын 400,000 өрхийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг үүлэн технологид суурилсан удирдлагын системээр хянан шийдвэрлэж байна. 

Түүнээс гадна жолоочгүй нийтийн тээврийн үйлчилгээ, ухаалаг гэрлэн дохиог нэвтрүүлснээр авто замын ачааллыг 20 хувиар, түгжрэлийн хугацааг 20-30 минутаар бууруулж чаджээ. Тухайлбал, ухаалаг гэрлэн дохио нь тухайн замын ачааллаас хамаарч улаан, ногоон, шар гэрлүүдийг хэдэн минут, хэдэн секундийн хугацаатай асаах зохицуулалтыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хийдэг.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хот, ухаалаг хотын хөгжлийн газрын Ухаалаг удирдлагын тасгийн дарга Мү Шяолин:

-Оршин суугчдын амьдралд тулгардаг асуудлуудыг ухаалаг технологийн тусламжтайгаар шийдсэнээр олон хүний цаг зав хэмнэж байна. Нөгөө талаас бид технологийн эдгээр шийдлийг ашиглахдаа мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд чухалчилдаг. Энэ чиглэлээр дотооддоо тэргүүлэх мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг урьж, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулсан хэмээсэн юм.

Түүнчлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ухаалаг системийг нэвтрүүлжээ. 

Энэ хүрээнд хог хаягдлыг өндөр даралтын хүчээр нэгдсэн цэг рүү тусгай системээр тээвэрлэн хүргэж, ангилан ялгаж боловсруулахад бэлэн болгож байна.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хотын гүйцэтгэх газрын дэд дарга Жан Жин:

-Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх энэ системийг 2015 оноос ашиглаж эхэлсэн, бүрэн автомат, хүний оролцоо бага тул зав цаг, зардал хэмнэсэн шийдэл. Өмнө нь хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, ялгах шатанд хүмүүс машин техниктэйгээр ажиллаж байсан бол одоо үүнийг технологийн шийдлээр гүйцэтгэж байна хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Тяньжин хот эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Тухайлбал, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх системтэй бид танилцлаа. Улаанбаатар хотод ч турших, энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалж байна. Ер нь хотоо тэлэх, төлөвлөх мөн  дагуул хотыг хөгжүүлэхдээ дэд бүтцээ нэн тэргүүнд шийдэх ёстойг эндээс харж байна гэсэн юм.

Хот, нийтийн аж ахуй, шуурхай удирдлага болон хот төлөвлөлтөд нэвтрүүлж буй ухаалаг, дэвшилтэт шийдлүүдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, сайн жишиг, туршлагуудыг нутагшуулахад Тяньжин хоттой хамтран ажиллахаар тохиролцсоныг Хотын дарга Д.Сумъяабазар онцолсон юм. Тухайлбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна