Б.БАТЖАРГАЛ: Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

Б.Ариунзаяа
2023/02/13

УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд иргэд бүх төрлийн орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тусгасан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.

-УИХ-д өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуульд иргэд бүх орлогоосоо Нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгнө үү?

- Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ багц хуулийн төслийг 1 дүгээр сарын 12-ны өдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэж  хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ удаагийн хуулийн төсөл иргэд буюу даатгуулагчдад маш ашигтай хуулийн төсөл болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ хуулийн төсөл дээр иргэд олон нийт, ажил олгогчдын зүгээс хүсэж байсан бүх зохицуулалтуудыг оруулж өгсөн гэдгийг хэлье. Бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг ташаа мэдээлэл. Ийм ойлголт дэлхий дахины жишигт ч байхгүй, одоогийн хуульд ч байхгүй, бидний өргөн барьсан хууль дээр ч байхгүй. Өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулахаар тусгасан.

-Хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй орлого гэхээр?

-Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүний хамрах хүрээг нэмэгдүүлээгүй, мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй олсон орлого тухайлбал, ажил олгогчийн олсон бүх төрлийн орлого, ажилтны байр, машин, гар утас зарсан зэрэг орлогод шимтгэл ногдуулахгүй юм. Түүнчлэн ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй, цаашид ч нэмэхгүй болно. Хуулийн төсөлтэй танилцаж санал өгөх боломж одоо ч бий. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,  Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэд https://d.parliament.mn хаягаар хандаж танилцах, санал өгөх боломжтой. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.120
    2023/02/13

    НД-хан их л цамаан болсон байна. Ямарч байсан давхар орлого олдог хүн зөвхөн нэг л орлогоороо НДШ төлөх юм билээ. Угтаа бол хэдэнч орлогоор шимтгэл төлж болмоор юм. Татвар бол бүгээс нь хуу хамдаг. Ер шимтгэлийн орлого бүрдүүлэх нь гол биш тэтгэврийг аль бодох багаар тогтоох л гол асуудал юм билээ. Би бүр гайхсан шүү, хүн нэмэж мөнгө төлий гээд байхад “авахгүй” гэж хэлээд буцаасан. Үнэхээр тийм их мөнгөтэй юм бол тэтгэврээ нэмээч.

    Хариулах