Хууль бусаар ховор амьтан агнасан Араб болон Йордан улсын иргэдэд ял оногдууллаа

Админ
2023/02/13

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2022.11.03 134 Шт  

Шийдвэрийн хураангуй №01 2023.02.13

Шийдвэрийн төрөл: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Э, A.А, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын иргэн Э.Э, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2022 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр 2.000.000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн хар сүүлт зээрийг Д аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт, 1.700.000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн хар сүүлт зээрийг Ө аймгийн М сумын нутаг дэвсгэрт тус тус дробинка буугаар буудаж агнасан байна.

Хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад тус тус багтсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын иргэн Э.Э-г 5.400.000 төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А-г 15.000.000 төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нарыг 12.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ 39.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн хохиролд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нийт 7.400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.143
    2023/02/14

    Овоо доо

    Хариулах
  • 202.126.90.94
    2023/02/14

    Мөнгөн торгууль бол мөнгийг цаас гэж боддог хүмүүс-д шагнал гэсэн ойлголт болой.

    Хариулах
  • 66.181.186.32
    2023/02/13

    Нэрийг нь яагаад бичиж болдоггүй юм.Шүүх буруутайг нь тогтоосон юм бол ил тод байх ёстой юм биш үү

    Хариулах
  • 192.82.70.247
    2023/02/13

    Ovoo doo bas ingemeer dee

    Хариулах