Г.ТҮВДЭНДОРЖ: Хөрөнгө оруулагчдыг залхааж, их зардал гаргадаг байдлыг арилгахаар зорьж байна

Б.Ариунзаяа
2023/04/28

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас ирэх тавдугаар сард УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Манай улс Хөрөнгө оруулалтын хууль (Гадаадын хөрөнгө оруулалтын тухай)-ийг анх 1993 онд батлан гаргаж байсан юм. Түүнээс хойш уг хуульд 10 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж иржээ. Хамгийн сүүлд 2013 онд томоохон өөрчлөлт оруулж байснаас хойш 10-аад жил болоод байна. Хуулийн төслийн талаар ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндоржоос тодруулав.

Г.ТҮВДЭНДОРЖ: 

- Монгол Улсын Шадар сайд болон ЭЗХ-ийн сайдын тушаалаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ажлын хэсгийг дахин байгуулж хуулийн концепц дээр  8 гол өөрчлөлтийг оруулсан. 

- Хөрөнгө оруулалттай холбоотой аливаа хориг саад, хязгаарлалтыг арилгах,

- Мөн хөрөнгө оруулалттай холбоотой Газрын тухай хуульд тусгасан асуудлыг эргэн харж, хууль эрх зүйн таатай нөхцөл бүхий орчныг бий болгон шийдвэрлэх,

- Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх зүйн баталгаа болон хамгаалалт бүхий зохицуулалтыг хийж өгөх зэрэг өөрчлөлтийг тусгасан. 

- Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан, гомдлыг манай улсад удаан авч үздэг. Одоо мөрдөж буй хуулиар хэтэрхий бүрхэг шийдэхээс гадна төрийн яамд болон аймаг, орон нутгийн байгууллагууд өөр өөр шийдвэр гаргадаг нь эргээд хөрөнгө оруулагчдыг хохироодог. 

- Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ойлгомжгүй, ил тод, нээлттэй бус, хүнд суртал их гаргахаас гадна татвараас аваад хууль эрх зүйн орчин тогтворгүй байдаг. Түүнээс гадна хөрөнгө оруулагч нар арбитрт хандах боломж нь хязгаарлагдмал. 

- Хөрөнгө оруулагч нар арбитртай харилцах боломжийг нээж өгөх үүднээс тухайн хөрөнгө оруулагч маргаантай асуудлаар өөрийн сонгосон орны арбитрт хандаж байх талаар тусгана.

- Хөрөнгө оруулагчдыг залхааж цаг хугацааг нь авч, их зардал гаргадаг энэ мэт байдлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр арилгахыг зорьж байна. 

- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ашигт малтмалын болон Банкны тухай, ААН-ийн тухай болон Дампуурлын болон Орон нутгийн засаг захиргааны нэгжийн тухай зэрэг 23 хуульд дагаж өөрчлөлт орж шинэчлэл хийнэ.

Ингэснээр хөрөнгө оруулалт болон бизнесийн хуулиудын суурь сайжирч, Монгол Улсад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа тэрбээр илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна