МУГТ Г.Угалзцэцэг тэргүүтэй Хөвсгөлийн залуус “Ид шид” бүтээлээ

Б.Ариунзаяа
2023/05/08

“Шидэт урц”  ТББ тэргүүтэй залуус өөрсдийн санаачлан хийж байгаа “Ид шидийн орон-Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлаа энэ оны зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн хандивын хоёр дахь томоохон үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо Чингис хаан музейн ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа.

“Хоймор нэг нутаг” өдөрлөгийг жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо хөтөлж, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Наранзун, жүжигчин, продюсер Ж.Баясгалан нар хайр, хүүхдийн эрх сэдвээр ярилцаж, “Увертюра” хамтлаг ая дуугаа өргөсөн байна.


“Хөвсгөл нутаг, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй олон залуус, нутгийн иргэд цуглан “Ид шид” бүтээсэн өдөр байлаа. 78,550,000 төгрөгийн бэлэн мөнгө, мөн бусад төрлийн хандив цуглалаа” гэж зохион байгуулагчид нь мэдээллээ. 


Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг,  бодибилдингийн спортын ОУ-ын хэмжээний мастер, МУГТ Г.Угалзцэцэг нар тус бүр 10 сая төгрөг, Хөвсгөл аймгийн IT-ийн инженер залуусын баг 12 сая, “Хонгорбаян транс” компани 3 сая, Б.Өнөр, Д.Наран нар 500 000-аас 2 сая төгрөг тус тус хандивлажээ.


Соёл урлагийн их сургуульд элсэхээр өөрсдийгөө бэлдэх зорилготой байгуулсан CROWN гэж продакшны өөр өөр сургуулийн 30 гаруй сурагч “Ид шидийн нислэг” 1, 2 жүжгийн зохиол бичиж, дууны найруулга, бүжиг дэглэлтүүдийг өөрсдөө хийж тоглон бүх орлого 1 сая 500 мянган төгрөгийг хандивласан. Үүний ард хүүхдүүдээ ойлгодог, дэмжиж тусалдаг эцэг эхчүүд, гэр бүлийнхэн нь бас бий. Ер нь бяцхан сурагчаас эхлээд тэтгэврийн ахмад настан гээд  олон хүн Хөвсгөл аймагт хүүхдийн төлөө гэсэн газар нэмэгдээсэй гэж хүсч “Ид шидийн орон Хөвсгөл ”төсөлд санаа тавьж байгаад бид бүхэн баярлаж, талархаж байдаг гэж төслийн менежер С.Энхжаргал хэлсэн юм.


“Шидэт урц”  ТББ тэргүүтэй Хөвсгөлийн залуус нэгдэж нутагтаа “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төв байгуулахаар 2022 оны тавдугаар  сараас барилгын ажлаа эхэлсэн.  10*25м-ын харьцаатай, хоёр давхар  барилгын нийт ажлын 60 хувь нь олон нийтийн хандив дэмжлэгээр босоод байна.  Одоо харин үлдсэн 40 хувийг босгоход 350 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Тус төв ашиглалтад орохоор хүүхэд хөгжүүлэх 10 гаруй төрлийн дугуйлан, сэтгэл зүйн үйлчилгээ, номын сан, кофешоп ажиллана гэж  зохион байгуулагчид танилцууллаа. Цаашид тасралтгүй үйл ажиллагаа явуулах илүү боломжтой хувилбарыг төсөл санаачлагчид боловсруулж байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна