Хувийн бизнесийг боох эрх “хурган дарга” нарт байхгүй

Админ
2023/05/08

Манай улс чөлөөт зах зээлтэй гэж тунхаглах атлаа иргэн, ААН-ийнхээ бизнес эрхлэх эрхийг хааж боогдуулах, аль нэгэнд нь давуу эрх олгох явдал газар авлаа. Бүр сүүлдээ нутаг дэвсгэр дээрээ борлуулахгүй гэх “хориг”-ийг эхнээсээ тавиад эхлэв. Бурхангүй газар бумба галзуурна гэдэг. Хууль байсаар атал хуулийг давсан захирамж гаргах нь Засаг дарга нар олгогдсон эрх мөн үү...

Тамхины хуульд нэмэлт өөрчлөлт орох сургаар УИХ-д хүртэл лобби бүлэг байгуулаад амжсан утаат тамхиныхан “электрон тамхи эрүүл мэндэд муу” гэх суртал ухуулгыг тултал хийж байна. Учир нь орчин үеийн залуучууд утаат тамхинаас гарахаар электрон тамхи руу эрчимтэй шилжиж байгаа нь бодит үнэн. Гэвч энэ шилжилт иргэдийнхээ эрүүл мэндийг сорж, түрүүвчээ зузаатгадаг хэсэг бүлэг нөхдөд таалагдсангүй. Мөнгөний урсгал нь зогсох айдаст автсан тэдний дараагийн бай нь аймгийн Засаг дарга нар аж. Тархийг нь зад угаагаад тааваараа шийдвэр гаргуулах нь тэр.

Түүний эхлэлийг өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Засаг дарга тавьж, аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглох захирамж гаргав. Ингэхдээ тус төрлийн тамхинд никотин, карсиноген, бензол, кадми зэрэг хортой бодис агуулдаг тул хориглосон гэжээ. Харин энэ сард “поп” гэдгээрээ зартай Дархан-Уул аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа мөн л дээрх шалтгааныг дурдсан байна. Гэвч тамхи л бол тамхи. Яагаад илүү хортойг нь, жил хэдэн мянган иргэний аминд хүрдэг утаат тамхийг хориглоогүй хэр нь электрон тамхины байна вэ. Үүнээс харахад, Засаг дарга үнэхээр иргэддээлоов” зарлав уу эсвэл утаат тамхичдын лоббинд автав уу дүгнэхэд амархан байна.

Нөгөөтэйгүүр Засаг дарга нарын дээрх захирамжууд хууль бус юм. Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ. Ингэхдээ 13.2.1-т Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7-д Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Дээрх хуулийн заалтуудаас харахад Засаг дарга нар илтэд хууль зөрчиж, өнгөн дээрээ хүний эрүүл мэнд гэж яривч өнгийгөөд харвал өөр зүйлийн төлөө шийдвэр гаргасан байх магадлал өндөр байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хэн нэгний нөлөөнд автаж, нөгөөг нь хориглосон шийдвэр гаргаад байвал чөлөөт зах зээл хумигдана. Ялангуяа орон нутгийн засаг захиргаа нь ялгавартай шийдвэр гаргавал бизнес эрхлэх орон зай, өрсөлдөөн хязгаарлагддаг жамтай. Харин үүнийг ухамсарладаггүй, ухвар мөчид шийдвэр гаргадаг “Засаг”-тай байгаа нь бидний өнөөгийн алдаа гэлтэй.

Өрсөлдөөний тухай хууль:

13.2.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

13.2.1.аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

13.2.2.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

13.2.3.тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн;

13.2.4.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;

13.2.5.зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн;

13.2.6.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг бусад байгууллага, аж ахуй эрхлэгчид зээлээр олгоход чиглэсэн;

13.2.7.аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна