Ш.БАТСҮХ: Хүүхдүүдийн хамгийн их итгэдэг, очих дуртай хүн нь сэтгэл зүйчид болсон

Б.Ариунзаяа
2023/05/09

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Тогтвортой хөгжлийн боловсрол-II /ТХБ-II/ төслийн удирдах хорооны сүүлийн буюу 6 дугаар хуралдаан болж, төслийн 2020-2023 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн, төслийн оролцогч талуудын үйл ажиллагааны үр дүнг танилцуулж тайлагналаа.

Тус төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн нь тус салбарт тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх чухал алхам болжээ. Энэ талаар Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүхтэй ярилцлаа.

- ЕБС-д сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн нь нүдээ олсон ажил гэдгийг багш сурагчид төдийгүй эцэг эхчүүд ч ам сайтай байна?

- Бид  Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн хүрээнд Монгол улсад анх удаа боловсролын 30 сэтгэл зүйчийг бэлтгэж, ажиллуулсан.  Энэ жил үйл ажиллагаагаа өргөтгөж, “Бадамлин” ТББ-тай хамтран 41 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг бэлтгэж, өрөөг нь тохижуулахаас эхлээд нэлээн олон ажилд дэмжлэг үзүүллээ. Дээр нь менторлох багшийг нэг жилийн турш ажиллуулж, гараа барианы судалгаа хийж, үйл ажиллагаанд судалгаа хийлээ. Манай сэтгэл зүйчид жилийн дотор нийт ЕБС-ийн суралцаж байгаа сурагчдын 20 хувьд нь хүрч ажилласан байна. Энэ бол нэгхэн жилийн үр дүн гэхэд чамлахааргүй амжилт. Ялангуяа ковидын дараа хүүхдүүд хямралтай, сурлагын хоцрогдолтой, сэтгэл гутралтай, үе тэнгийн дээрэлхэлт их байгаа энэ үед цаг үеэ олсон ажил болсныг хүүхдүүд болон асран хамгаалагчид хэлж байна.

- Сэтгэл зүйчдийн ачаалал хэр байна вэ?

- Боловсролын байгууллагад сэтгэл зүйчдийг ажиллуулахдаа 17 орон, 1 олон улсын байгууллагын туршлага дээр үндэслэж, нэвтрүүлсэн. Олон улсын стандартаар бол 1000 хүүхэд, 100 багшид  нэг сэтгэл зүйч ажилладаг. БШУ-ын сайд 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн бүх сургуулийг сэтгэл зүйчээр хангахаар зорьж ажиллаж байгаа. Үүний хүрээнд зарим олон хүүхэдтэй сургуулиуд 2 сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Мөн зарим хувийн ЕБС-иуд 2-8 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйчийн баг ажиллуулж байна. Цаашид энэ жишгийг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлж, сэтгэл зүйчдийн цалингийн санг нь баталж, ажиллах боломжоор хангаад өгчихвөл хүний нөөц ч хангалттай түвшинд хүрсэн.  2021 онд энэ ажлыг эхэлснээс хойш сэтгэл судлалаар суралцах суралцагчдын тоо эрс нэмэгдсэн. Хамгийн эрэлттэй мэргэжлийн 2 дугаарт орсон. Тухайлбал, МУИС-ийн элсэлт 2 дахин нэмэгдсэн бол МУБИС бие даасан боловсролын сэтгэл зүйчийн бие даасан ангитай болсон.

- Сургууль, багш, эцэг эхийн зүгээс сэтгэл зүйчдийг хэрхэн хүлээж авч байна вэ. Сэтгэл зүйчид сурагчид өөрсдөө хандаж байна уу?

- Сурагчид маш сайн хандаж байна. Эхэн үедээ эцэг эхчүүд найз нөхөд чинь сэтгэл зүйч дээр очвол хүүхдүүд чамайг сэтгэцийн өвчтэй юм байна гэж ойлгож магадгүй хэмээн болгоомжлуулж байсан. Харин одоо бол маш сайн ойлгодог болсон. Хүүхдүүдийн хамгийн их итгэдэг, очих дуртай хүн нь сэтгэл зүйчид болсон. Гэхдээ олны дунд сайнтай муутай. Сэтгэл зүйч юу хийдэг юм, өрөөндөө л сууж байдаг гэх хандлагаар ханддаг сургуулийн удирдлагууд ч байна. Сэтгэл зүйч гэдэг бол өрөөндөө сууж, хүүхдүүдэд зөвлөгөө өгөхөөс гадна багш нартайгаа ажиллана, сурагчдын дунд бүлгийн зөвлөгөө өгнө, судалгаа хийнэ. Мөн төрөл бүрийн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нь сурагчдад их хүрч байгаа.

- Тэр хэрээр сургуулийн дотоод орчин сайжирч байгаа байх.

- Тийм. Манай зүгээс сэтгэл зүйчдэдээ нэг хэлж байгаа чухал асуудал бол  сургууль сурч хөгжих таатай орчин болох ёстой. Тухайн хүүхэд ямар сурдгаас үл шалтгаалан сургуульдаа дуртай явдаг байх нь хамгийн чухал. Мэдээж оношлох, ажиллах, хөгжүүлэх, хоцрогдлыг арилгах, бэрхшээлийг нь даван туулахад туслах ажлыг нэн тэргүүнд хийнэ. Түүнээс гадна сургуулийг сурагчдын хөгжих, таатай орчин болж өөрчлөхөд нөлөө үзүүлж, удирдлагуудтай хамтран ажиллаж байна. Энэ нь нэг талаараа байгууллагын соёлыг төлөвшүүлэх, нөгөө талаараа ЕБС-д реформ хийж, ахисан түвшинд хүргэх зорилготой. Манай сэтгэл зүйчид энэ тал дээр нэлээн анхаарч ажиллаж байгаа.

- Сурагчид сэтгэл зүйчид ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна?

- Ерөнхий боловсролын сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлт их байна. Үүнээс гадна дэлгэцийн дон, тамхины дон, мансууруулах бодист донтох дон их байгаа нь хамгийн их санаа зовоож байна. Түүнчлэн эцэг эхтэйгээ зөрчилдөх явдал буурахгүй байна. 

Хүүхэд шилжилтийн насан дээрээ дотоод шүүрлийн булчирхай идэвхэждэг учраас хөдөлгөөнд орж, заримдаа хийж байгаа үйлдэлдээ хяналт тавьж чаддаггүй. Ялангуяа 6,7,8 дугаар ангийн хүүхдүүдэд энэ их тохиолддог. Уг нь бидний үед багш нар энэ насыг их анхаарч үздэг байсан. Гэвч сүүлийн үеийн багш нар үүнийг ойлгохгүй байх нь түгээмэл байна. Үүнтэй зэрэгцээд багш нарын сэтгэл зүй, багш эцэг эх хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг дээр анхаарах зүйлүүд их байна. 

Тухайлбал ковид хүүхдийн сэтгэл зүйд асар их өөрчлөлт оруулсан. Үүний улмаас 4 хүүхдийн нэг нь ганцаардалтай байна. Ганцаардлаасаа болж айдаст автаад сэтгэл гутралд орох, цаашлаад амиа хорлох явдал их байна. Үүн дээр багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа их чухал.

- Боловсролын байгууллагад сэтгэл зүйчид ажиллаж эхэлсэн нь том ололт. Гэхдээ боловсролын бусад байгууллагууд дээр энэ ажил орхигдоод байгаа юм шиг харагддаг?

- Зарим их, дээд сургуулиуд энэ тал дээр анхаарал хандуулаад эхэлчихсэн байна. Тухайлбал Отгонтэнгэр Дээд сургууль Сэтгэл зүйн төв байгуулаад мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран нарийн арга зүй эзэмшүүлэх чиглэлээр сургалтуудыг сайн дураараа зохион байгуулдаг болсон бол МУИС, МУБИС сэтгэл зүйн хүрээлэн байгуулаад тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, ер нь боловсролын байгууллага гэлтгүй бүх салбарт сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ өндөр болж. Жирийн бизнесийн байгууллагаас эхлээд төрийн байгууллагууд хүртэл сэтгэл зүйч ажиллуулмаар байна гэх хүсэлтүүдийг тавьдаг болсон. Хил хамгаалах байгууллага болон ШШГЕГ, хорих ангиуд, ЦЕГ, томоохон эмнэлгүүдэд хүртэл сэтгэл зүйчид ажиллаж байгаа нь эрэлт хэрэгцээ нийгэмд өндөр ямар байгааг харуулж байна. Цаашид энэ салбарын үйл ажиллагаа жил ирэх бүр л тэлэх нь.

- Хүүхдийн суурь хүмүүжил цэцэрлэгээс эхэлдэг. Дээр нь цэцэрлэгийн багш нарын сэтгэл зүйн асуудал байс гээд л цахим орчныг донсолгож байна. Цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллуулах асуудалд ямар саад бэрхшээл байна вэ?

- Зарим цэцэрлэгийн эрхлэгчид сэтгэл зүйч авмаар байна гэдэг ч орон тоо, цалингийн асуудлаас эхлээд шийдэгдээгүй олон асуудал бий. Ер нь цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллуулах нь асар их ач холбогдолтой. Хүүхдийг багаас нь авьяас чадварыг нь хөгжүүлэх, хоцрогдлыг нь арилгах, хөгжлийн бэрхшээл байвал түүнийг нь эрт илрүүлэх, засах гээд цэцэрлэгт гүйцэтгэх сэтгэл зүйчийн ажил их. Түүнээс гадна багш болон эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн сургуульд бэлдэх, ямар авьяасыг нь хөгжүүлэх тал дээр зөвлөгөө өгснөөр тухайн хүүхдийн чадварыг нь илрүүлэхэд тустай. Ер нь хүүхдийн төлөвшил 3 насандаа хамгийн эрчимтэй явагдаж, 6 насандаа бие хүн болох процесс бүрэн явагддаг гэх судалгаа бий. Тиймээс 3-6 насыг алдаж болохгүй. Бага насандаа хүмүүжлийн сууриа муу тавивал засаж залруулахад асар их хөрөнгө, цаг зав, хүчин чармайлт шаарддаг. Тиймээс бага насанд нь суурийг нь зөв тавих хэрэгтэй. Үүнд сэтгэл зүйч чухал нөлөөтэй. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна