Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Цахилгааны тариф өртгөөсөө доогуур байгаа нь эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болоход сөргөөр нөлөөлж байна

Б.Ариунзаяа
2023/05/09

Эрчим хүчний салбар бол тухайн улс орны үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангадаг стратегийн чухал салбарын нэг. Харамсалтай нь манай улсын эрчим хүч хэзээ мөдгүй зогсоход бэлэн аюулын дохио нь ассаар олон жилийг үдэж байна. Өнгөрсөн өвөл хэмжээндээ тултал улайссан хэрэглээ ирэх жил 6-7 хувь нэмэгдэх төлөвтэй байна. Хэрэв энэ эрчээрээ тооцвол муу амлаад байсан тэг зогсолт ирэх жилүүдэд нүүрлэх зөвхөн цаг хугацааны асуудал болжээ. Дохио нь ийн анивчиж буй энэ салбарын аврах ганц гарц нь үнэ тариф аж. 

Эрчим хүчний бодит өртөг, хэрэглээ, хэрэгцээ ямар байдалтай байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.

- Өнөөдрийн байдлаар манай улсад цахилгаан, дулаан, эрчим хүчний бодит өртөг ямар хэмжээнд байна вэ.  Энэ өртөг нийлүүлж буй өртөгөөсөө хэр зөрүүтэй байна?

-Цахилгаан эрчим хүчний өртөг өнөөдрийн байдлаар нэг квт цаг тутамд 224 төгрөг байна. Гэвч нэг хэрэглэгчид дунджаар 211-213 төгрөгөөр борлуулж байна. Үүнээс ахуйн хэрэглэгчдийн хувьд нэг квт цахилгаан эрчим хүчийг 141-142 төгрөгөөр худалдан авч байгаа нь бодит өртгөөс 58 хувиар доогуур гэсэн үг. Мөн дулааны эрчим хүчний хувьд өөрийн өртгөөсөө 55 хувиар доогуур түвшинд хэрэглэгчдэд хүрдэг. Өөрөөр хэлбэл тэр хэмжээгээр алдагдалл орж байна. Өнгөрсөн онд гэхэд л 187 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан.

-Эрчим хүчний салбар дахь алдагдалтай байдал ямар эрсдлийг дагуулж байна вэ?

-Алдагдал жил ирэх бүр нэмэгдсээр байна. Үүний цаана өр төлбөр нэмэгдэх, ДЦС-уудаас эхлээд дулаан, цахилгааны шугам сүлжээ шаардлагатай засвар үйлчилгээг хийж чадахгүй байдалд хүргэж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хойшлогдох зэрэг эрсдлийг дагуулж байна. Энэ байдал нь хэрэглэгчдийн цахилгаан, дулааны найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс цаашид эрчим хүчний үнийг өөрийн бодит өртөгт нь хүргэх зайлшгүй шаардлага тулгарсаар байна.

-Бодит өртөгт нь хүргэх буюу цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудал шат дараатай явагдаж байна гэж харж байна. Өнгөрсөн онд гэхэд л ААН-үүдийн хэрэглээний тарифт өөрчлөлт орсон. Харин энэ өөрчлөлт алдагдлыг багасгахад нөлөө үзүүлсэн үү?

- Өнгөрсөн 2022 онд ААН-үүдийн хэрэглээний тарифт өөрчлөлт оруулсан. Аж ахуйн нэгжүүдийг хэрэглээгээр нь ангилж сард таван мянган к/Вт.ц  эрчим хүч хэрэглэсэн бол тарифыг 14, түүнээс дээш хэмжээгээр  хэрэглэсэн бол 28 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Дулааны эрчим хүчний тарифыг аж ахуйн нэгжид мөн 28 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Харин ахуйн хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй.

- Хэрэглээ нэмэгдэх тусам импортоор авах эрчим хүч нэмэгдэнэ. Одоогоор манай улс нийт хэрэглээнийхээ хэдэн хувийг гаднаас авч байна вэ?

- Эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оноос 5.8 хувиар өссөн дүн гарсан. Энэ нь улсын хэмжээнд 10.3 тэрбум к/Вт цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэсэн үг. Үүний 79 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 21 орчим хувийг импортоор худалдаж авч байна. Тодруулбал нийт импортын эрчим хүчний 32 хувийг ОХУ-аас, 68 хувийг БНХАУ-аас авч  байна.

-Тэгэхээр эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болтлоо  аваарын байдалтай ажилласаар байх уу?

- Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж барьж байгуулахад Эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тарифаа батлуулах ёстой. Үнэ тариф өртгөөсөө доогуур түвшинд байх юм бол мэдээж хөрөнгө оруулагч нарт сөрөг нөлөөтэй. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд үнэ тарифыг хангахуйц түвшинд л байлгах нь чухал.

-Үнэ тариф, өртөг, хэрэглээг хангах талаар ЭХЗХ-ноос ямар санал тавьж байгаа вэ? Хэрэглээгээ хэмнэх талаар иргэд юу хийж болох вэ, юу хийх ёстой вэ?

-Хэрэглээгээ зохицуулж хэмнэлт гаргах боломжтой гэж үзэж байгаа. Хэрэглэгчид цахилгаан, эрчим хүчээ хэмнэх зайлшгүй шаардлага бий. Ер нь Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд хэмнэлт бий болгох үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг тодорхойлсон байдаг. Тодруулж хэлбэл, тэдний цахилгаан, эрчим хүч хэмнэх босго хэмжээг Засгийн газрын тогтоолоор тогтоож өгсөн. Энэ онд шинэчилсэн. Ийм үүрэг хүлээсэн 330 мянга орчим хэрэглэгч байдаг. Тэд цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэж байгаа.

-Цахилгаан, эрчим хүчийг ямар арга замаар, яаж хэмнэх вэ?

-Үүрэг хүлээсэн хэрэглэгч нар эрчим хүч хэмнэлтийн менежертэй байх зэргээр хуульд тусгасан. Хэмнэлтийн менежерүүд цахилгаан, эрчим хүчийг хэрхэн хэмнэх аргуудыг таниулан сурталчилж, зохицуулж хэрэгжүүлдэг. Дээр нь Эрчим хүчний аудитын байгууллага ажиллаж байна.

Манай салбарт хэмнэлтийн чиглэлээр 114 аудитор ажиллаж, цахилгаан, эрчим хүчийг хэмнэх талаар хэрэглэгч нарт зөвлөж, аудит хийж, юун дээр цахилгаан, эрчим хүчээ алдаж буйг тодорхойлж өгдөг. Эдгээр хүнийг ЭХЗХ-ноос бэлддэг. Цаашид аудиторуудыг олон улсын түвшинд хүргэхээр зорьж, энэ талын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Олон улсын түвшний аудиторуудыг бэлтгэн гаргана. Ер нь бол хэрэглээг бас хэмнэлтээр хангах тогтолцоог бий болгохоор ажиллаж энэ талын хөтөлбөр, аяныг хэрэгжүүлж, ажлын хэсгүүд зөвлөмж гаргаж байгаа.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.4
    2023/05/10

    ЭХЗХ гэж яриад л, хэрэгжүүлнээ л гээд байдаг дүүрцэн газар

    Хариулах
  • 103.57.94.185
    2023/05/10

    ЭХЗХ гэдэг улс төржсөн байгуулгаас болж Эрчим хүчний салбар ийм байдалд хүрсэн одоо тэгээд сүйрэхийг нь үзэж байж үнэ тарифийг нь нэмэх гээд байна ???

    Хариулах