Хөгжлийн банк: “Вертекс майнинг партнерс” ХХК-иас нэхэмжилж байгаа өр төлбөр байхгүй, хуулийн байгууллагад гомдол гаргаагүй

Б.Ариунзаяа
2023/05/11

“Вертекс майнинг партнерс” ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компани. Өмнө нь заавал БНХАУ-ын оператор компаниудаар хийлгэдэг байсан ажлыг өнөөдөр монголчууд бид өөрсдөө хийдэг болсон. Тус компани нь өнөөдрийн байдлаар Ухаа худаг уурхай дээр сардаа 1,4 сая м3 хөрс хуулалт хийж, улсад 28,5 тэрбум төгрөгийн татвар нийгмийн даатгалын орлого төвлөрүүлэн ажиллаж, 600 гаруй ажилтныг ажлын байраар хангаж байгаа аж ахуй нэгж юм. 

Харин дээрх аж ахуй нэгжийг зээлийн шаардлага хангаагүй хэмээн хуулийн байгууллага буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн. 

“Вертекс майнинг партнерс” ХХК нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч үндсэн зээлийн төлбөрт 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 9,9 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 сая төгрөг гээд нийт 43,1 тэрбум төгрөгийн төлөлтийг хийж зээлээ бүрэн барагдуулсан байна. Мөн зээл авахдаа зах зээлийн үнэлгээ нь 69,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаанд тавьж Хөгжлийн банк түүнийг 33,1 тэрбумаар үнэлэн зээл олгожээ. 

Гэвч хамгийн анхаарал татмаар асуудал нь Хөгжлийн банк шинжээчийн дүгнэлттэй холбоотой хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй гэдгээ өнгөрсөн 5-р сарын 9 ний өдрийн хуралдаанаар хэллээ. 

Хөгжлийн банкны мэргэжилтэн: Вертекс майнинг партнерс компани дээр онцолж хэлэхэд өнөөдрийн байдлаар нэхэмжилт байгаа өр төлбөр байхгүй гэсэн юм. 

Харин өмгөөлөгч н. Түвшинтамир: Хөгжлийн банк гомдолоо гаргаад энэ эрүүгийн хэрэг нээгдэж байгаа биш юмуу? гэж асуухад банкны мэргэжилтэн үгүй, Вертекс майнингийн асуудал дээр гомдол нь хаанаас эхэлж гарсныг би санахгүй байна гэлээ. 

Үүнээс харахад өнөөдрийн шүүх хурал яг энэ компанийн асуудал дээр хохирогчгүй шүүх хурал болоод байна. 

Хөгжлийн банкнаас авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэдэг нь шүүх хуралдааны явцад гэрчүүдийн өгч байгаа тайлбараас харагдаж байгаа.  600 гаруй ажилтныг ажлын байраар хангаж, улсдаа татвараа төлж, БНХАУ-ын компаниуд л хийдэг байсан ажлыг эдүгээ Монголчууд бид өөрсдөө хийж чаддаг болоод байна. Гол нь зээлээ хугацаанд нь хүү төлбөртэй нь бүрэн төлж  шударгаар хийж бүтээж, хөдөлмөрлөж байгаа нэгнээ заавал улс төрийн хамааралтай болгож, харлуулах сонирхол хэнд байна вэ? 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна