​Л.Наранбаатар: 1 их наяд төгрөгөөр үнэлэгдсэн Хөтөлийн шохойн ордоо "СОВА" ХХК-иас буцаан авах тэмцэлд ахиц гарч байна

Б.Ариунзаяа
2023/05/11

"Цемент шохой" ТӨХК-ийн “Хөтөл-1” орд газрын 31.5 га талбайн лицензийг хууль бусаар авсан СОВА ХХК-иас орд газраа буцаан авах тэмцлийг хөтөлчүүд эхлүүлж, тус компанийн лицензийг цуцлахыг шаардсан албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл хөтөлчүүдийн эхлүүлсэн тэмцлийн үр дүн гарч, СОВА ХХК лицензээ цуцлуулах хүсэлтээ АМГТГ-т өгчээ.

 Энэ талаар “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “СОВА компанийн лицензийг цуцлуулахаар үйлдвэрийн 800 ажилчид, Хөтөл хотын 2000 орчим иргэд гарын үсэг зурж нэгдсэн. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон СОВА компанид хугацаатай шаардлага хүргүүлсэн. Совагаас хариу ирсэн. Лицензээ цуцлуулах хүсэлтээ өгсөн гэсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж, нөхцөл байдлыг ярилцсан. СОВА-гийн талаар сонсгол хийсэн, сонсголын үр дүнг харгалзан удахгүй шийдвэр гаргана гэсэн.

 СОВА ХХК-ийн Хөтөлийн шохойн чулуун ордоос тасалж авсан талбайд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 18 жил тасралтгүй ажиллуулах өндөр чанарын шохойн нөөц байгаа. Энэ бол манай 820 гаруй ажилчдын, Хөтөл хотын 10 мянган иргэний амьдралын баталгаа. Лиценз 2015 онд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хүн гэгддэг С.Бүрэнбатыг Засаг дарга байх үед алдагдсан. Одоогийн Засаг дарга Н.Лхагвадоржид үүнийг засах боломж гарч ирж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Баялагтаа эзэн Монгол” уриалгыг хэрэгжүүлж, СОВА ХХК-д хууль бусаар олгосон лицензийг цуцалж, цемент шохойн үйлдвэрт буцаан өгснөөр цемент шохойн үйлдвэрийн ордын нөөц 18 жилээр нэмэгдэж, шохойн шинэ үйлдвэр барих хөрөнгө оруулалт татах, цаашлаад Хөрөнгийн биржэд бүртэлтэй нээлттэй хувьцаат компани болох гэх мэт олон боломж нээгдэх юм байна. Хамгийн гол нь, үйлдвэрээ түшиглэн аж төрдөг 10 мянган хөтөлчүүдийн ажил, амьдралын баталгаа хангагдах бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалд нийлүүлдэг технологийн шохойн нөөц 75 жилээр баталгаажих эдийн засаг, стратегийн тооцоо гарчээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.44
    2023/05/14

    Казахын ард түмэн газар нутгаа хамгаалаад хил дээр Алтай 5 богдынхоо хаяанд амьдардаг. Эх оронч Казахын ард одонд баяр хүргэе!!!!

    Хариулах
  • 202.126.90.44
    2023/05/14

    Орон нутагтаа Хөтөлчүүд шиг хөдөлгөөн өрнүүлцгээвэл эх нутаг минь эзэнтэй болно. Мундаг шүү Хөтөлчүүд!!!! Баяр хүргэе!!!

    Хариулах
  • 202.70.37.31
    2023/05/11

    Хөтөлчүүдийн ордыг буцаан олго

    Хариулах