Х.ТЭМҮҮЖИН: 2012 оны холимог тогтолцоог үгүй хийсэн нь Ардчилсан нам

Б.Ариунзаяа
2023/05/11

NTV телевизийн “Өөр Өнцөг” хэлэлцүүлгийн өчигдрийн дугаарт Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөлөл болон Засгийн газрын төлөөлөл оролцлоо. Сэдэв нь Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал болон гишүүдийн тооны асуудал байлаа. 

УИХ-ын гишүүдийн хувьд тогтолцоог өөрчлөхийг бүгд дэмжсэн байр суурьтай байгаа. Харин тоо нэмэх асуудлыг дэмжиж байгаа хэдий ч яг хэд болгох вэ гэдэг дээр санал зөрүүтэй байгаа. Энэ ч утгаар өчигдөр болсон хэлэлцүүлгийн эхний асуулт яагаад яагаад 76+76 гэсэн холимог тогтолцоог оруулж ирсэн бэ гэдэг асуултаар эхэлсэн. 
 
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

- ЗГ-аас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын 54-р тогтоолын дагуу өргөн барьсан. Хоёр зүйлийг бодолцон нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Нэгдүгээрт, Монгол Улсын парламент, гүйцэтгэх засаглал, төрийн байгууллагын хяналт тэнцлийн харьцааг зохистой хэмжээнд хүргэх. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гаргах зарчмыг агуулсан. Ганц мажоритар тогтолцоогоор явж ирсэн 31 жилийн ард бид бүгдээрээ гарсан. Энэ тогтолцоогоор явж ирснээр улс орон маань хангалттай хэмжээнд хөгжиж чадсан уу, ард иргэдийн амьдралын чанар сайжирсан уу гэвэл үгүй. Тиймээс холимог тогтолцоогоор явах нь зөв гэж үзсэн. Яагаад 152 гэсэн тооны асуудал яригдаж байгаа вэ. Мажоритар буюу тойргийн газар нутаг хүн амын төлөөллийг хангаж байгаа тогтолцоо болон Үндэсний хэмжээний нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг шингээсэн тогтолцоо хоёр ижил байж хяналт тавигдах юм. 
 
АН-ын ЕНБД Ч.ӨНӨРБАЯР: 

- Ардчилсан намын ҮБХ-ны зөвлөлдөх уулзалтаар тоог нэмэхийг дэмжиж, холимог тогтолцоотой байх нь зөв юм байна гэсэн. Харьцааны хувьд 50:50 биш 60:40 гэсэн харьцааг зохимжтой гэж ярьж байгаа. 60 хувь нь тойргоос, 40 хувь нь бодлого ярьдаг төлөөлөл байя гэж үзсэн. 50:50 гэсэн харьцаа нь сонгуулийн үр дүнд Засгийн газрыг байгуулахад багагүй зовлон болох юм байна лээ. Аль нэг нь олонх байж чадахгүй байгаа нь хүндрэл болох шалтгаан нь болно. Үндсэн хуулийн шинэ хямрал гарах нөхцөлийг бүрдүүлж магадгүй. Тиймээс харьцааны тэнцвэр талаасаа 60:40 байх нь зөв. 
 
Хуульч Х.ТЭМҮҮЖИН: 

- Үндсэн хуульд тоо, хувь хэмжээ бичих нь дараа нь дахиад Үндсэн хуулийг хөнддөг хэв маяг нөхцөлийг үүсгэх вий. Хувь тоо бичих нь зохимжгүй. Тоо, хувь хэмжээг Сонгуулийн тухай хуулиараа ярих хэрэгтэй. 2012 онд энэ тогтолцоогоор сонгуулийг явуулж үзсэн. Харамсалтай нь тухай үед энэ тогтолцоог үгүй хийсэн. Буруутан нь Ардчилсан нам өөрөө байсан.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.97
    2023/05/16

    Тэмүүжин багш яг үнэнийг хэллээ АН өөрөө байсааан

    Хариулах