Н.УЧРАЛ: Старлинк компанийн төлөөлөгчид долдугаар сард Монголд ирнэ

Б.Ариунзаяа
2023/06/07

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Н.Учрал: 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, ногоон технологи, сансар, мэдээллийн технологийн чиглэлээр санал солилцсон. Монгол Улсад Инновацийн долоо хоног өрнөж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан цуглаж шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, салбарын бодлогын орчин дахь асуудал шийдлээ хэлэлцдэг хамгийн том арга хэмжээ болох ICT Forum, ICT Expo болох гэж байгаа энэ цаг үед маш өндөр ач холбогдолтой уулзалт болсныг дуулгахад таатай байна.

- Starlink компанийн хувьд Монгол Улсын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлэх сонирхлоо анх 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ХХЗХ-д ирүүлсэн. ЦХХХЯ болон ХХЗХ нь энэхүү шинэ технологийг хэрхэн нэвтрүүлэх, ямар нөхцөл шаардлагыг тавих нам орбитын бодлоготой болох чиглэлээр ажиллаж, 2022 оны 04 сарын 11-нд “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” -ийг баталсан. 

- Старлинк компани нь Монголд үйл ажиллагаа явуулахад газрын станц барих шаардлагагүй болсон. Тус компани салбараа манай улсад нээгээд хүсэлтээ гаргаад явж байна. Манай талаас хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Харилцаа холбооны хууль, Зөвшөөрлийн хуульд тодорхой өөрчлөлт оруулна. Одоогийн хуульд харилцаа холбооны зөвшөөрөл, интэрнетийн үйлчилгэний зөвшөөрөл гээд хоёр компанид тусдаа авах шаардлагатай байдаг. Тиймээс нэг компанид уг хоёр зөвшөөрлийг олгох асуудлыг судалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах юм. Долдугаар сард Старлинк компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллана. Мөн цахилгаан машины хэрэглээг дэмжих хүрээнд цэнэглэгч байршуулах ажлыг эрчимжүүлнэ.

Удахгүй ICT Expo болно. Үүнд, гүүгл, делл, амазоноос бүс хариуцсан захирлууд нь ирнэ. Тиймээс бүс нутагтаа харилцаа холбооны салбарт хэрхэн хамтарч ажиллах санаачилгаа нэгдсэн байдлаар зарлана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна