Жуулчдад наадам үзүүлэх “үйлчилгээ” лөөлөө болсон уу

Б.Ариунзаяа
2023/07/04

Төр үйлчилгээгээ өөрөө дээрээ төвлөрүүлэх тусам хүнд суртал, авлига, албан тушаалын хэрүүл салдаггүйг хууль хяналтын байгууллагын өдөр тутмын мэдээнээс харж болно. Атал Байгаль орчин аялал жуулчлалын яам хянах нэрийдлээр зарим жуулчдад зориулсан үйлчилгээгээ өөр дээрээ авч, холион бантан хутгаж байгаа сурагтай.

Монгол улсын Засгийн газраас энэ жилийг аялал жуулчлалын жил болгон зарлаж, 1 сая жуулчин авах зорилт тавьсан. Засгаас нь зарлачихсан учир энэ салбарынхан зуны богино хугацаандаа аль болох л олон жуулчдыг хүлээн авч, үйлчилгээгээ үзүүлэхээр эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй. Өнөөдөр гэхэд л 3500 гаруй жуулчин ирсэн нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Гадныхан манай улсыг зорин ирдэг шалтгаан нь Үндэсний их баяр наадам. Тиймээс өнгөрсөн жилүүдэд Нийслэлийн аялал жуулчлалын газар аялал жуулчлалын компаниудад тодорхой хэмжээний тасалбарыг хуваарилж ирсэн. Энэ жил том зорилт тавьсан, жуулчид ч ихээр ирж буй учир өмнөхөөсөө илүү ихийг хуваарилах хүлээлттэй байсан. Харамсалтай нь энэ хүлээлт талаар болжээ.

Энэхүү наадмын тасалбарын хуваарилалт аялал жуулчлалын компаниудад давуу тал болж, жуулчдыг татах нэг хэрэгсэл нь болж ирсэн. Өнгөрсөн жил гэхэд л наадмын 2500 орчим тасалбар компаниудад тараасан байдаг. Харин энэ жил уг тоо 800 орчмоор багасаж, 1700 орчим тасалбарыг хуваарилахаар болсон нь аялал жуулчлалын компаниудын эсэргүүцэлтэй тулж эхэлжээ.

Засгаас нь жуулчдыг татах арга сүвэгчилж, байдаг бүх аргаараа даллаж буй. Харин яам нь ганц үзүүлэх үйлчилгээгээрээ хясан боогдуулж байгааг юу гэж ойлгож вэ. Наадам дөхсөн энэ өдрүүдэд манайхыг зорин ирэх жуулчдын тоо өсдөг. Тэр хэрээр аялал жуулчлалын компаниудын наадам үзүүлэх амлалт ч нэмэгддэг. Гэвч хариуцсан яамны бодлогогүй үйлдлээс болж компаниуд нь жуулчдынхаа өмнө нүүрээ шарах нь.

Түүгээр ч барахгүй уг тасалбар хуваарилах ажлыг өнгөрсөн жилүүдэд нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцаж ирсэн. Харин энэ жил Байгаль орчин аялал жуулчлалын яам өөрөө тараахаар шийдвэрлэсэн нь давхар хүнд суртлыг бий болгоод байгаа аж.

Ямартай ч энэ жил наадам үзэх жуулчдын тоо энэ мэтээр буурах нь. Байнд ч үгүй банзанд ч үгүй болгосон уг шийдвэртээ яам хариуцлагатай хандахгүй бол ирэх жил манай улсад ирэхээр төлөвлөж буй жуулчид No гэх вий.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.254.123.164
    2023/07/04

    олон олон жуулчины компаниуд хохирч бна эртхэн шийдвэрээ гаргасан бол гадуур зарагдаж бсан билет олж авах бсан яамны эрх мэдэлтнүүд гэж том толгойлсон юмнууд

    Хариулах