О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтжээ

Б.Ариунзаяа
2023/10/02

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас “Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөлд санал авах”-аар ирүүлсэн албан бичигтэй танилцаж, хариуг албан бичгээр хүргүүлэхээр тогтов. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт тусгайлан хэлэлцэж, хууль санаачлагчид холбогдох саналуудыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхэд тайлбар гаргуулахаар ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад холбогдох тайлбарыг хүргүүлж, мөн 50.1.23 дахь заалттай холбоотой зохих судалгааг хийж, албан ёсны тайлбар гаргахаар тогтсон тухай хариуг хүргүүлэхээр болов.

3.Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас ирүүлсэн “... намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд зааснаар намын даргыг огцруулах, чөлөөлөх эрх Бүгд хуралд олгогдсон, энэхүү Бүгд хурлын гишүүдийн олонхын саналаар дарга Т.Төмөрмөнхийг чөлөөлж, Б.Өлзийдүүрэнг даргаар сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангалаа.

4.Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлээс ирүүлсэн “...намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэв. Тус намын дүрэмд зааснаар Төлөөлөгчдийн Танхим намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй, энэ тохиолдолд Төлөөлөгчдийн Танхим олонхын саналаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлээгүй тул бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

5. Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчийн материалыг 2023 оны 9 дүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн. Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан О.Мөнхсайханыг  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна