Mining Weeк: Үйлдвэрлэл, технологийн паркууд аж үйлдвэржилтийг эрчимжүүлнэ

Б.Ариунзаяа
2023/10/12

Mining Week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ Шангри-Ла Улаанбаатар” цогцолборт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр нүүрс, газрын тосны салбарыг онцолсон бол өнөөдөр зэс, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн парк, ган төмөрлөгийн бүтээгдэхүүний хэрэгцээ, түүний зах зээл, далд уурхай, өгөгдөлд түшиглэсэн орон нутгийн хамтын ажиллагаа зэргийг бүтэн өдрийн турш ний нуугүй хэлэлцэнэШийдэл, үр дүнг танилцуулна. 

Байгалийн баялгийнхаа 90 хувийг манай улс боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гаднаас импортоор худалдан авч байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-д нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангах хүрээнд томоохон төслүүд урагшилж, бодит ажил болох эхлэл тавигдаж байна. 

Монгол Улсын эдийн засгийн түшиц, экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн баяжмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах, үйлдвэрээ ойрын жилүүдэд барьж байгуулахаар шулуудаж, Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан. Тус хорооны Зэсийн асуудал хариуцсан дэд хорооны дарга Х.Бадамсүрэн “Монгол Улсад хэрэгжих зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн цаашдын чиг хандлага”-ыг тодорхойлсон илтгэлийг хэлэлцүүллээ. Энэ өдөр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдэр шинэчилсэн стратегиа танилцуулав. 2028-2036 онд “Оюутолгой”-н жилд үйлдвэрлэх зэсийн хэмжээ гурав дахин өсөхөөр байна. Ирэх онд үйлдвэрлэх зэсийн хэмжээ 40 хувиар нэмэгдэх нь. 

Зэс бол металлын хаан. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний ногоон шилжилт нь зэсийн эрэлт, хэрэгцээг цаашид улам өсөн нэмэгдүүлэхээр байна. Зэсийн эрэлтийн өсөлтийн хурд 2020-2029 онд 1.9 хувь, 2030-2040 онд 2.5 хувь өснө гэж Wood Mackenzie таамагласан. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан авто машины үйлдвэрлэл, барилгын салбар, харилцаа холбоо, цэвэр технологи дахь хөрөнгө оруулалт, БНХАУ зэсийн эрэлтийг дэмжихээр байна. 

Үнэ цэнэтэй бүтээгдэхүүнээ боловсруулах, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл, технологийн парк 45 жилийн түүхтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн хөгжих юм. Паркийн хөгжлийн төлөвлөгөөг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Үйлдвэрлэл, технологийн парк нь өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Паркийн дэд бүтцийн ажлууд нэлээд урагшилсан. Үүнд төмөр зам, авто зам, цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууламж орно. Бүтээн байгуулалтын ажлууд төслийн талбайд эхэлсэн. Үйлдвэрлэл, технологийн парк нь 1200 га газрыг хамарна. Парк Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусган катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр баригдана. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин бүрдсэн. Төмөр замын барилга угсралтын ажил 55 хувь, авто зам 35 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Монгол Улс уул уурхайн салбарт олборлолтоос боловсруулалт руу гэсэн стратегийг баримтлах болсон. Төрийн бодлогын дэмжлэг аж үйлдвэржилтийг хурдасгаж, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг тэтгэж эхэлж байна. Дорноговь аймагт ширэм үйлдвэрлэх Алтанширээт”, кокс экспортлох Гэрэлт говь үйлдвэрлэл, технологийн парк эдийн засагт нааштай мэдээ ойрын үед дуулгахаар байна. “Алтанширээт” ҮТП нь 500 орчим шууд ажлын байр бий болгох бол “Гэрэлт говь” ҮТП 400 шахам ажлын байр шинээр бий болгох нь. Гэрэлт говь нь коксын үйлдвэрээс гадна төмөр хайлуулах үйлдвэр, арматурын үйлдвэр барих юм. 

 

Аж үйлдвэржилтийн хүрээнд нүүрс гүн боловсруулах санаачилга судалгааны түвшинд эрчтэй урагшилж байна. Нүүрсийг коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, ус төрөгчийн үйлдвэр байгуулах түвшинд энэ сэдэв өндрөө авсан. Үүний угтвар ажил болгож диметилийн эфир буюу нийлэг хий үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулахаар болсон. Монгол Улс хөгжингүй орнуудтай цэвэр эрчим хүчний шилжилтийн зүг зэрэгцэн алхахыг эрмэлзэж, нүүрсээ улам үнэд хүргэхээр төр, хувийн хэвшил судалгаа, туршилт руу гүн ороод байна. 

 

Дотоодын ган төмөрлөгийн бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэхээр байна. Бидний хэрэгцээ өнөөдрийн байдлаар 550 мянган тоннд хүрээд байна. Цаашид уул уурхай, дэд бүтцийн өсөлтийг аваад үзэхэд нэг сая тонныг давах төлөвтэй байна. Хар төмөрлөгийн үйлдвэрлэл энэ оны эхний долоон сарын байдлаар харахад, манай улс 23.5 мянган тонн металл бэлдэц, 22.6 мянган тонн металл цувимал, 2200 тонн төмөр хийц үйлдвэрлэжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад эдгээр нь өссөн үзүүлэлт. Хэдий тийм боловч эрэлт хэрэгцээ нь жилээс жилд нэмэгдсээр. 

 

Гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, жилд 350 мянган тонн гол нэр төрлийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 50 хүртэл хувийг хангах юм. Нийт хөрөнгө оруулалт нь хагас тэрбум гаруй ам.доллараар тоологдож байна. Цаг хугацааны хувьд бүрэн хэрэгжих дуусах нь2026  он гэж төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна