БОАЖ-ын сайдын санаачилгаар өрнүүлж буй “Малчдад туслах аян”-д 80 гаруй сая төгрөг цуглаад байна

Админ
2024/02/23

#ШУУД: БОАЖЯ-наас шар усны үер, хаваржилтын нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

БОАЖЯ-наас сар бүр цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх “ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ” хийлээ. Хурлаар дараах асуудлаар мэдээлэл өгөв.

- Салбарын хэмжээнд өрнүүлж буй “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН”-ны явцын мэдээлэл;
- Хаваржилтын нөхцөл байдал;
- Газар ашиглах эрх сунгах, дуусгавар болгох, солбилцол өөрчлүүлэх асуудал бүрэн цахимд шилжсэн;
- Ойн салбарын 100 жилийн ойн арга хэмжээний тухай холбогдох газрын дарга нар мэдээлэл хийв.

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНЫ ТУХАЙ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд НЭГ ӨДРИЙН ЦАЛИН хандивлах, өвс тэжээл, шатахуун зэрэг шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм. Уг уриалгад БОАЖЯ-ны харьяа 87 газрын 3191 албан хаагч хамрагдаж, одоогийн байдлаар 80 гаруй сая төгрөг цуглаад байна. Уг санхүүжилтыг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл, шатахуун зэрэг шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүлэхэд зарцуулна.

ЦАГ АГААРЫН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

Хоёр дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Үүний улмаас 5 аймгийн 22 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 90 суманд цагаан зудын, 18 аймгийн 84 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.2023-2024 оны хүйтний улирлын хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД - аас 1.6 дахин их хур тунадас орсон байна. 2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон байсан. Өөрөөр хэлбэл энэ жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж байна.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ, СОЛБИЦОЛ ӨӨРЧЛҮҮЛЭХ, ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ. Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна.

ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 14 ДҮГЭЭР ХУРАЛД ОРОЛЦОВ.

Хуралд Монгол Улсаас конвенцод бүртгүүлсэн амьтдын хамгааллын чиглэлээрх хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, 2 улс болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөн зохион байгуулж буй арга хэмжээг тус тус олон улсад танилцуулах, талуудын бага хурлаар шийдвэрлэх асуудалд Засгийн газрын байр суурийг илэрхийлэх, оролцогч талуудтай зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлтэй ажиллаад ирсэн. Хурлын үндсэн үйл ажиллагаанаас гадна дараах арга хэмжээнүүдэд оролцов. Үүнд: Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөрийн 8 дахь удаагийн хурал, Бөхөн хамгааллын олон улсын хурал, Хулан адуу хамгааллын хуралд оролцож хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллав. Нэн ховор амьтан болох Хонин тоодгийн хамгааллын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллалаа.

ОЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА /1924-2024/

Ойн салбарын хувьд олон талын онцлогтой жил тохиож байна. Энэ 2024 онд орчин цагийн ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйн зэрэгцээ БОАЖЯ-наас 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдах Ойн салбарын II чуулганыг “ОЙ 9+” уриан дор зохион байгуулах гэж байна.

Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх” зорилтын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Уг зорилтын хүрээнд Ойн салбарын ll дугаар чуулганыг “ОЙ 9+” нэрийн дор зохион байгуулж буй нь ойн сангаа 9 хувьд хүргэх, цаашлаад дахин нэмэгдүүлэх зорилтыг тодотгож өгч буй онцлогтой.

УСНЫ НӨӨЦИЙГ ХЭМНЭХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаад хамтран 2 дугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотод 200 орчим авто машин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 65 орчим хувь нь төвлөрсөн шугамаас, 25 хувь нь гүний худгаас, 10 орчим хувь нь зөөврөөр усаа авч ашиглаж байна.

Нийт угаалгын газрын 30 орчим хувь нь саарал усаа эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Улаанбаатар хотын авто угаалгын газрууд бүгд саарал усаа эргүүлж ашиглах нь зүйтэй талаар мэдээлэлтэй байгаагаас гадна хаягдал усаа эргүүлэн ашиглах арга хэмжээ авч ашиглаж байна. Мөн автомат төхөөрөмж суурилуулах нь машин угаалгах үнэ буурах, усаа хэмнэх, эргүүлэн ашиглах давуу талтай байгаа нь хяналт шалгалтын үр дүнгээр харагдлаа.

Хэвлэлийн хуралд Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг,
Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, УЦОШГ-ын Ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар оролцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна