Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл хэрэгжинэ

Админ
2024/04/09

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төслийн дараагийн шатны зээлийн төслийн 18 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдлээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах Хоёр- үе шаттай зээлийн төслийн удирдах хорооны хурал боллоо.

Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг болон төслийн багийнхан манай улсад 2006-2010 он болон 2011-2018 онуудад хоёр үе шаттай хэрэгжсэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төслийн дараагийн үе шатыг 1000 дахь зээлийн төслөөр эхлүүлж, 2024 онд хэрэгжүүлэх эхний 11 төслиг олгох эсэх талаар хэлэлцэв. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм.

Төслийн үйл ажиллагааны үр дүнгээс харвал 60 хувь нь боловсруулах үйлдвэр,17 хувь нь эрчимжсэн аж ахуй байна. Төсөл хэрэгжилтийн хүрээнд 27 мянга гаруй ажлын байр бий болсон байна. Төсөлд 21 аймаг бүрэн хамрагдсан бөгөөд 2024 оны 4-р сарын 01-ний байдлаар олгосон нийт зээлийн 60 хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь хөдөө орон нутагт ноогдож байна. Орон нутагт дахь арилжааны банкуудын салбар нэгжүүдээр дамжуулж төслийн зээлийг олгож байгаа нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд олгох төслийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. 

Уг төсөл нь ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хувийн хэвшлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд болон төсөлд оролцогч банкнуудыг чадавхжуулах, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна