М.Мөнхшүр:  Халдвар авсан Франц иргэн  биеэ үнэлэгч аваагүй

Админ
2020/03/11

Франц улсын иргэн 57 настай эрэгтэй коронавирусийн халдвартай болох нь тогтоогдож, Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа билээ. Тухайн иргэнийг Монголд байх үед нь уулзсан, тааралдсан 500 орчим хүн бий гэж урьдчилсан байдлаар тогтоож, шинжилгээнд хамруулсан. Эхний шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын 26 хүнээс иргэн халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан талаар бид мэдээлсэн. 


Халдвар илэрсэн  Франц иргэнийг Монгол  улсын хоёр биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл цахимд тарсан. Харин энэ мэдээлэл ташаа гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр  мэдэгдлээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, ямар нэгэн биеэ үнэлэгч аваагүйг тогтоосон. Иргэд ийм ташаа мэдээллүүдийг хөөсрүүлэх буюу нийтийн анхаарал, хандалтыг авах зорилгоор тарааж байна.

 

Мэдээллээ нягталж үзээгүйн улмаас худал мэдээ тараавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгохгүй байна. Хуурамч мэдээ тараасан хүмүүс дам сонссон, хамаатнаасаа сонссон, ажлын газрын хүнээсээ сонссон, групп чат дээр бичсэн байсан зэргээр хариулж байгаа юм” гэв.