Ардчилсан нам сонгуульд горилогчдоосоо 400 орчим сая төгрөг “нэхжээ”

Админ
2020/03/31


АН-ын Үндэсний Бодлогын Хороо сонгуульд нэр дэвшигчдэдээ 100 саяын “босго” тавьсан. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд намдаа 100 сая төгрөг өгч гэмээнэ нэр дэвших эрхээ олж авах юм. Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархийн халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань АН-ын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулах санал санаачилга гаргасан. 


Тухайлбал, одоо авч байгаа гурван сая төгрөгийн татварыг 10 сая болгоё, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2012, 2016 онд 50 сая төгрөгийн татвар авч байсныг сэргээе, мөнгөний ханшийн уналтаа тооцоод 80-100 сая болгоё гэх мэт олон хувилбар яригдсан. Гэхдээ асуудал нээлттэй үлдсэн. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал " гэх тайлбарыг хийж байсан. 


Хэдийгээр С.Эрдэнэ жилийн өмнө ийм тайлбарыг хийж байсан ч өдгөө дэнчин нь 100 сая төдийгүй нэлээд олон гишүүн нь дэнчингээ төлсөн нь тодорхой болжээ. Тодруулбал 100 гаруй гишүүний 10 тэрбум орчим төгрөг АН-д цугларсан гэх мэдээлэл байна. Түүнчлэн дэнчингийн асуудал анх яригдах үед 100 сая төгрөг өгсөн гишүүн болгон  нэр дэвшигч болохгүй гэх үгийг зарим гишүүд нь унагаж байсан. Тэгвэл дээрх яриа ч ортой бололтой. Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 100 саяас гадна дахин 250 орчим сая төгрөгийн дэнчин авахаар болсон нь гишүүдийнх нь хүчтэй эсэргүүцэлтэй тулж эхэлжээ. Нэг үгээр АН сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээсээ 400 орчим сая төгрөгийн "татаас" авч байна.


Мэдээллийг дэлгэрүүлбэл, Ардчилсан нам сонгуульд горилогчидтойгоо хоёр дахь шатны гэрээгээ хийж байгаа аж. Ингэхдээ гишүүдээсээ нэр дэвших тойргоос нь хамаараад 60-70 сая төгрөгийн дэнчин нэхжээ. Мэдээж 100 сая төгрөгөө өгчихсөн гишүүд нь сая саяар нь өгөөд тойргоо баталгаажуулж байгаа юм байх.   


Гэвч намын татаас нь энд хүрээд дууссангүй. Дээрх гэрээ байгуулсан гишүүдээсээ дахин 200 сая төгрөг нэхсэн нь ёстой гал дээр тос нэмж, ширүүхэн эсэргүүцэлтэй тулжээ. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигч сонгууль болохоос 45 хоногийн өмнө тодрох учиртай. Гэтэл түүнээс өмнө нэр дэвшигчидээ сонгуульд зарцуулах мөнгөө намдаа өг гэж тулгасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

 

АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүдээс 100 сая төгрөгийн дэнчин нэхэхдээ байдаг л асуудал гэх тайлбарыг хийсэн. Гэвч тэрхүү мөнгө нь даруй гурваас дөрөв дахин нэмэгдчихээд байх үед ямар тайлбар хийх бол, сонгуульд горилогчид намдаа их хэмжээний дэнчин өгөх нь хуульд нийцэх үү...?


Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.227
    2020/04/01

    Энэ Эрдэнэ гэгч нөхөр үлгэрт гардаг бирд бишүү.

    Хариулах
  • 150.129.142.104
    2020/04/01

    erdene odo neg l veegui bn aa. namiin darga bhdaa zoos hiij avaad namaa hayah geed bgan bolov uu? namiin rank nn unaad bdag denchingiin zoos n nemegdeed bdag

    Хариулах
  • 202.9.46.106
    2020/03/31

    Юун их мөнгө вэ? Энэ их мөнгө төлөад хаана очих гээд байгаа юм бол. Илүүдээд байгаа тэр их мөнгөө сайн үйлсэд зориулахгүй дээ. Баячуудаа!

    Хариулах