С.Эрдэнийн хүргэн нь "Сахалын хүн" Э.Долгионд мандатаа бэлэглэжээ

Б.Ариунзаяа
2020/05/16

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ цахим хурал хийж, долоон хүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр бүртгэсэн байна.

Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байсан Сангийн сайд асан С.Баярцогт, “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх, гишүүн асан Г.Уянга, “Блүмберг” телевизийн захирал Э.Долгион нарыг Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр сонгожээ.

Сангийн сайд асан  С.Баярцогт, “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл нар бие дааж сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөөд байсан билээ. Тухайн үед Э.Бат-Үүл “З.Энхболдтой өрсөлдөнө, хаана дэвшинэ, тэр газар нь очиж “тулна” хэмээн мэдэгдэж байсан бол  УИХ-ын гишүүн асан Г.Уянга дэнчингийн асуудлаас болж бие даахаар болсон талаараа цахим хуудаснаа бичиж байсан ч ийнхүү АН-ыг төлөөлөх болжээ.

Түүнчлэн “Блүмберг” телевизийн захирал Э.Долгион мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон олны анхаарлыг татаад байна. Тэрбээр Монголын олон баялагт эзэн суусан “сахал” Эрдэнэбилэгийн холбоотой хэргүүдэд нэр холбогддог. 

Гэвч тэрээр шинэ үеийн улс төр дэх олигархийн замналаа “сахал” ах болон генерал Хурц нарын дэмжлэгээр АН-аас эхлүүлэхээр болжээ. Түүнд С.Эрдэнэ хүргэн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга В.Энхболдынхоо нэр дэвших мандатыг бэлэглэжээ.