Б.Ариунболд: Уучлаарай, муухай юм боллоо

Б.Ариунзаяа
2020/05/18

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор тодрууллаа. Гэвч улстөрийн намуудын зарим горилогчид удирдлагуудынхаа гаргасан шийдвэрийг үл зөвшөөрч, ээлж дарааллан мэдэгдэл гаргасаар байна.  

АН-аас нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Уучлаарай, муухай юм боллоо. Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Энд хэдэн төгрөг зарцуулснаа ярихгүй ээ. Хэдэн хүнд хүрснээ хэлье. 35,000 хүнд. Ардчилалд хайртай мянга мянган найз, маш олон хүний итгэлийг олжээ. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Хан-Уулын унаган оршин суугч намайг өдий хүртэл дэмжиж байдаг Та нартаа баярлалаа. Асуудал дуусаагүй ээ. Би амьдарч байна, амьдарсаар байх болно. Би хэн нэгнээс гуйхгүй, авлига шагнал өгөхгүй. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй ээ" гэжээ.