Дэлхийн даяар нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Админ
2020/05/21

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхий даяар нэг өдөрт коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлаас ангижрах болоогүй байгааг харууллаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт анхаарууллаа.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 106 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн бага, дунд орлоготой орнуудад халдварын тархалт нэмэгдэж буйд ихээхэн санаа зовниж буйгаа тэрбээр илэрхийлжээ.

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо таван саяд дөхөж буй энэ үед дээрх мэдэгдэл гарсан бөгөөд халдварын тохиолдлын тоо дөрвөн сая болсноос хойш хоёр долоо хоног хүрэхгүйн хугацаанд таван саяд хүрэх гэж буй нь энэ юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, олон оронд шинжилгээнд хамрагдуулах түвшин сул байгаа тул халдварын тохиолдлын бодит тоо албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр байж болзошгүй ажээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар халдварын улмаас 326 мянга гаруй хүн нас баржээ. Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан АНУ-д 1.5 сая гаруй хүн халдвар авч, 92 мянган хүн нас барсан байна.

ДЭМБ юу гэж мэдээлсэн бэ?

“Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 106 мянган тохиолдол бүртгэгдсэнийг манай байгууллагад ирсэн мэдээлэл харууллаа. Халдвар дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм” гэж Т.Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, тэдгээр тохиолдлын гуравны хоёр орчим нь дөрөвхөн улсад бүртгэгджээ. Дэлхий нийт цар тахлаас ангижрахад урт хугацаа шаардлагатай хэвээр байна гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцлон хэлжээ.

АНУ тэргүүтэй олон оронд хөл хорионы хязгаарлалтуудаа сулруулж эхэлсэн үед Т.Гебрейесус ийнхүү мэдэгдсэн байна. Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райан хумхаа өвчний хлорохин, гидроксихлорохиныг уухгүй байхыг зөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжилтнүүдийн анхааруулгыг үл харгалзан халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гидроксихлорохин ууж байгаагаа саяхан мэдэгдсэн юм.

"Одоогийн байдлаар гидроксихлорохин, хлорохины аль нь ч “COVID-19”-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэсэн нотолгоо байхгүй байна” гэж М.Райан мэдээлжээ. Харин ч эсрэгээгээ эдгээр эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл олон байгууллагаас ирсэн гэж тэрбээр нэмж хэлжээ.

Бразилын Эрүүл мэндийн яам гидроксихлорохин, хлорохинтой холбоотой янз бүрийн мэдээлэл гарч буйг үл харгалзан эдгээр эмийг халдвар авсан хөнгөн өвчтөнүүдэд уулгах удирдамжийг лхагва гарагт гаргасан байна.

Бразилын Эрүүл мэндийн сайд сүүлийн хэдэн долоо хоногт гурван удаа солигдсон бөгөөд эхний сайд нар халдварын эсрэг авах арга хэмжээнүүдийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлджээ. Халдварын 270 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн Бразил нь уг үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд лхагва гарагт халдварын авсан хүний тоо 20 мянга орчмоор нэмэгджээ.

Бусад улс оронд

  • Боливийн Эрүүл мэндийн сайдыг хэт өндөр үнэтэй хиймэл амьсгалын аппарат авсан хэмээн үзэж, авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
  • Энэтхэг, Бангладешийн зүүн нутгаар хүчтэй шуурганы улмаас хөрсний гулгалт үүссэн боловч коронавирусний хязгаарлалтуудын улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тусламж үзүүлэхэд хүндрэл учирчээ.
  • Шведэд зарим өвчтөнийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаагүй байж болзошгүй гэх мэдээлэлд үндэслэн асрамжийн газруудад шалгалт явуулахаар болжээ.
  • Грекийн эрх баригчид ирэх сараас аялал жуулчлалын улирлаа эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.
  • Испанид өнөөдрөөс зайнаас харилцах боломжгүй газруудад амны хаалт заавал зүүх шаардлагатай болно. 

Эх  сурвалж: https://www.montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна