Ард түмэн түүнийг буруу таньж!

Б.Ариунзаяа
2020/05/26

Сонгуулийн уур амьсгал аль хэдийнэ орж, нэр дэвшигчид ч ПИ-АР хийх учраа олж ядаж байна. Зарим нь хог цэвэрлэж, ард түмэндээ таалагдах гэж хичээж байгаа бол зарим нь “хосгүй” баянаа гайхуулах.  “Хас” гэх тодотголоо “Шарк”-аар сольсон Г.Амартүвшин энэ жилийн УИХ-ын сонгуульд  Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа.  “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлын ажлаа өөрийн хүсэлтээр өгч, улстөрд орохоор шийдсэн түүнийг өндөр боловсролтой, сэхээтэн гэх мэт “нялуун” үгс дагадаг. Гэвч магтсан хүүхэн хурим дээрээ гэгч болжээ.

Түүний нүүр хуудсандаа нийтлэсэн зураг нийгмийг талцуулав. Г.Амартүвшин гэр хороололд, эгэл жирийн нэг хүүгийн хамт унадаг дугуйтай зогсоод инээвхийлэх аж. Түүний хувцас брэндийн, чинээлэг хүний хэрэглээ гэдэг нь илт. Цахим хэрэглэгчид түүний өмссөн хувцсыг тэр дор нь “Хэдийнбээ”-д оруулж тооцжээ. Каск нь 100. хүрэм нь 250, өмд нь 200, гутал 300 ам.доллар. Харин унасан дугуй нь 12000 ам.доллар. Барагцаалбал тэрбээр 35 гаруй сая төгрөг “өмсжээ”.

Тэр уг зургаараа юу илэрхийлэхийг хүсэв гэдэг сонирхолтой асуулт. Эгэл жирийн ардад 35 сая төгрөг тэнгэрийн үнэ. Сарын цалингаараа амьдралаа залгуулдаг залуу гэр бүлд хэрэв энэ хэмжээний мөнгө байвал шууд нийгмийн давхарга нь дээшилчихнэ. Даан ч тийм боломж бололцоотой өрх нь хэд билээ.

Тэр үнэхээр ард түмнийхээ борог амьдралаар шоу хийхийг хүсэв үү.

Гэр хороололд амьдардаг хүүгээр шоудах дээрээ тулсан түүнийг ард түмэн буруу таньж. Юун өндөр боловсрол сэхээтэн угсаа.

Хамгийн хөгтэй нь Г.Амартүвшин өөрийн Твиттер хуудсанаа “Мэдрэмжгүй зураг оруулсанд уучлаарай. Пи-Ар гэдэг зүйлийн учрыг сайн олохгүй юм аа. Тусалж дэмжээрэй” гэжээ. Энэ янзаараа Шарк Г.Амартүвшин ард түмнээ даапаалж дуусахгүйдэг.