Автобусны буудал, явган хүний гарц хааж гар дээрээс худалдаа эрхэлж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ

Б.Ариунзаяа
2020/05/27

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган”, “Алтжин санаа”, “Орон зай” худалдааны төвүүдийн удирдлагуудыг 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч уулзсан.

Уулзалтаар Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд ил задгай, гар дээрээс худалдаа эрхлэгчдийн талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон.

Тус уулзалтын шийдвэрээр Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2020 оны 05 дугаар сарын 22-ний ил задгай, гар дээрээс худалдаа эрхлэх үйл ажиллагааг зогсоох талаар мэдэгдэл гаргаж худалдаа эрхлэгчдэд тараасан.

Мэдэгдлийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 26-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгч, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, хорооны цагдаа, олон нийтийн цагдаа, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган”, “Алтжин санаа”, “Орон зай” худалдааны төвүүдийн удирдлагуудыг байлцуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар Бөмбөгөр худалдааны төвийн гадна орчинд нийтийн эзэмшлийн зам, автобусны буудал, явган хүний гарц хааж ил задгай гар дээрээс худалдаа эрхэлж байсан нийт 10 иргэний үйл ажиллагааг зогсоож, саравч, лангууг буулган ажиллалаа.

Үйл ажиллагааг зогсоосон иргэдэд “Эрдэнэбулган” ХХК, “Алтжин санаа” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн худалдааны төвүүд нь лангуу түрээслүүлж, цаашид иргэдийг ажлын байраар хангахаар болсон.