Н.Номтойбаяр: 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой

Б.Ариунзаяа
2020/05/28

Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болсон.

Хэлэлцүүлгийн шатанд "гэм буруугийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр"-ийг шүүгч гаргасан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тэрбээр энэ талаар цахим хуудаснаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Иргэд хүчтэй!!" гэсэн байна.

Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа билээ.