Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив

Админ
2020/05/30

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны  5 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай утсаар ярив.

Сайд Д.Цогтбаатар “COVID-19” цар тахалтай тэмцэх хүрээнд Энэтхэг Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг тэмдэглэж, тус улсаас монгол иргэдийг саяхан эх оронд нь авч ирэхэд дэмжлэг үзүүлсэнд энэтхэгийн талд талархал илэрхийлэв. Талууд иргэддээ дэмжлэг үзүүлэх  чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.

Цар тахлыг даван туулахад бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг нэн чухал болохыг сайд Д.Цогтбаатар тэмдэглээд энэ чиглэлд дэвшүүлж буй тодорхой санаачилгынхаа талаар танилцуулав. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улс дотооддоо халдварын тархалтгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс шуурхай, оновчтой арга хэмжээ авч ажиллаж байгааг өндрөөр үнэлээд цаашид “COVID-19”-ийн эм хангамжийн чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.   

Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой ач холбогдол өгч байгааг сайд Д.Цогтбаатар онцлоод цар тахлын тархалтыг үл харгалзан төслийн хэрэгжилтийн явцыг улам эрчимжүүлэх талаар энэтхэгийн талтай санал солилцов. Мөн Энэтхэг Улстай худалдааг өргөжүүлэх, логистикийн боломжийг нэмэгдүүлэх үүднээс зарим бүтээгдэхүүнийг туршилтаар тээвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсныг мэдээлж, талууд энэ чиглэлд хамтран ажиллахаар болов.

            Энэ онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд энэтхэгийн талаас 5 дугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан өндөр түвшний айлчлалыг “COVID-19” коронавируст халдварын тархалт намжсаны дараа ажил хэрэг болгохоор ярилцав. Талууд олон улс, бүс нутгийн тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа хадгалж, НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаар тохиролцов