Н.Номтойбаярын ээж Хулан: Миний хүү байх ёсгүй газартаа үзэх ёсгүй зүйлээ хилсээр үзэж байна

Б.Ариунзаяа
2020/06/01

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг маргааш суллана гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл Н.Номтойбаярын цахим хаягаар түүний ээж Хулан "Миний хүү байх ёсгүй газартаа үзэх ёсгүй зүйлээ хилсээр үзэж байна" хэмээн бичсэн байна. Түүний мэдэгдлийг бүрэн эрхээр нь хүргэе.

"Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Миний хүү байх ёсгүй газраа байж, үзэх ёсгүй зүйлээ хилсээр үзэж байна. Болдогсон бол өмнөөс нь очоод тэр газар нь суучихмаар л байх юм.

Ард олныхоо зовлон, шаналалыг овжноор ашиглан, нийгмээ хоёр талцуулан хувааж, амин хувьдаа ашиг харан монголчууд бидний эрүүл мэнд, боловсролыг улам бүр дордуулж, тохуурхан суух тэр этгээдүүд эрх чөлөөтэй, та биднийг “удирдаж” явдаг нь манай нийгмийн мөн чанар болжээ.

Үүнийг ойлгох, зогсоох хүч нь залуучууд та нар л юм даа.

Хүүгээ хүний ард орж, хойш сууж, хүний гараар могой бариулж, ашиг хүртэж бай гэж даан ч сургаж явсангүй, харин Хүн өөрөө бодлын эрх чөлөөтэй байж, улс эх орондоо өөрийн тус дэмийг хүргэнэ гэж би өсгөсөн.

Тийм ч учраас миний хүү бодлын эрх чөлөөг эрхэмлэж, хэний ч нөлөөнд авталгүй үнэнийг илчилдэг, бусдын эрхшээлд ордоггүй, өөрийнхөөрөө байдаг нь гэм болсон бололтой.

Хүний хэрэглээ хязгаарлагдмал. Хүн мөнгөтэй хөрөнгөтэй байна гээд өдөрт арван удаа хоол идэж, хорин удаа хувцсаа солихгүй. Тийм ч учраас өөрсдийгөө болгосон бол өрөөлд, бусдад нийгэмдээ хувь нэмрээ оруулж байх нь манай гэр бүлийн зарчим юм аа.

Уг нь би тэмцлээ орхи, босгосон бизнесээ бод гэж хэлэх ёстой юм болов уу? Бусдын хөдлөхийг хараад дахиад 20 жил хүлээвэл хойч үе маань улам л доройтон самуурч, учраа олохоо больж, улс үндэстэн маань мөхөх аюулд хүрнэ.

Ёстой л Богдын бошигт бичсэнчлэн “дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина, хүний хувь заяа тоглоом наадмын талбар мэт болно” гэсэн нь биелэлээ олж байх шиг байна.

Хөдөлмөрч нэг нь хийсэн бүтээснээ золиосолж, нэр хүндээ хилсээр гутаалгаж, гүтгүүлж, дарамтлуулж байгаа хэдий ч төрж өссөн Монгол орноо, өөрийн суурь хүмүүжил, зарчмаа уландаа гишгэ гэж хэлж чадахгүйнэ ээ.

Шударгаар хөдөлмөрлөхийн үр шимийг хүртсэн хүн бүр Монголын ирээдүйн хөгжлийн төлөө ажиллаж, түүний дотор өнөөдөр миний хүүг хэлмэгдүүлээд байгаа тэр хүмүүсийн хүүхдүүдийн ч ирээдүйг бүтээлцэж байгаа.

Биднийг “толгой руугаа ус хийлээ” гэх хүн олон байх бизээ. Хэн нэгэн тэмцэхгүй бол та бидний үр хүүхдүүд дахиад олон арван жил авилга, хээл хахуульд ялзарсан нийгэмд гэрэл гэгээгүй амьдрах болно. Үр хүүхдүүд, хойч ирээдүйнхээ төлөө үгээ хэлцгээе, үйлээ бүтээцгээе.

Миний хүүг Монголын тэнгэр, буян заяа харах болно гэдэгт итгэлтэй байна. Биеэ бодоорой гэж хэлэх нөхцөл, боломжгүй газар байгааг мэдэж байгаа хэдий ч хэлье. Биеэ бодоорой хүү минь!

Энэ хаягаар хүүгээ иртэл би та бүхэнтэй харьцаж байх болно.

Хулан Д Номт"