С.Эрдэнэ: Би АН-ын төлөө 30 жил зүтгэсэн, цаашдаа ч зүтгэх болно

Б.Ариунзаяа
2020/06/25

АН-аас 2020 оны УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын дарга  С.Эрдэнэ албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Сонгуулийн явцад олон маргаан, зөрчил гарсан. Энэ асуудлыг эрх бүхий байгууллагууд шалгаж тогтоох байх. Гэхдээ бид төлөвлөсөн хэмжээндээ хүртэл амжилт үзүүлж чадсангүй.

Ер нь энэ удаагийн сонгуулийн үр дүн Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага байна гэдгийг харууллаа. МАН өмнө нь 49 хувиар ялалт байгуулж байсан. Энэ удаа ч мөн энэ хэмжээний хувиар яллаа. Харин АН-ын хувьд 25,4 хувийн саналаар 11 суудал авлаа.  Энэ нь манай сонгуулийн тогтолцооны төлөөллийн зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл. Тиймээс цаашид тархай бутархай байгаа ардчилсан хүчнүүд нэгдэж, хамтрахгүй хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй гэдэг нь харагдлаа.

АН-ын даргын хувьд алдаа, оноо байсан. Буруу, зөрүү тооцсон зүйл бий гэдгээ хүлээн зөвшөөрч байна.  Юуны түрүүнд Ерөнхийлөгчтэйгээ хамтарч ажиллаж чадаагүй. Идэвхтэй, хүчтэй сөрөг хүчин байж чадаагүй, хамгийн гол нь АН-ынхаа гишүүдийнхээ итгэлийг хүлээж чадаагүй нь энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээх шалтгаан боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ намыг удирдаж байсан хүний хувьд нийт гишүүдээсээ хүлцэл өчмөөр байна. 

Цаашид Ардчилсан нам нийт гишүүдийнхээ, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн улстөрийн хүчин болж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Би 30 жид энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Цаашдаа ч зүтгэх болно. Гэхдээ сонгуульд ялагдал хүлээлээ. Намынхаа дүрмийн дагуу албан тушаалаасаа огцорч, АН-ын дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэв.