Х.Бат-Үүл: Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн учраас УИХ энэ асуудлыг заавал хэлэлцэх ёстой

Админ
2020/06/26

Хоригдсон зургаан нэр дэвшигчийн асуудлаар Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр " Зургадугаар сарын 18-ны өдөр сонгуулийн сурталчилгаа явагдах үеэр Д.Ганболд тэргүүтэй нэр дэвшигчдийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр шүүхийн шийдвэрээр шууд цагдан хорьсон. 

Шүүх маш ноцтой зөрчил гаргасан. Зургаадугаар сарын 15-ны өдөр шүүхээс Д.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдсон. Тухайн үед  "Д.Ганболд хаана байна вэ" гэж асуухад "Тойрогтоо явж байна. Дуудах уу" гэсэн. Тэгсэн "За хэрэггүй. Сонгуулийн ажлаараа явж байгаа  юм бол яах вэ" гэсэн юм билээ. Гэтэл үүнийхээ дараа тэрбум төгрөгийн барьцаа өгөхийг шаардсан. Улмаар 18-нд барьцаагаа өгөөгүй гээд цагдан хорьсон.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл цагдан хорьсон хэвээр байна. Шүүхийн зүгээс Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. 

Би Дарангуйллыг давраахгүй гэдэг жагсаалыг хийсний дараа СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Хуулийн хэлтсийн дарга Бат-Эрдэнэд шаардлагыг авсан. Тухайн үед тэднийг хорихдоо СЕХ-оос зөвшөөрөл аваагүй гэдгийг Бат-Эрдэнэ мэдэгдсэн. 

Сонгуулийн үеийн бүх үйл ажиллагааг Сонгуулийн хуулиар зохицуулдаг. Энэ дагуу нэр дэвшигчийг баривчилж саатуулах гэж байгаа бол СЕХ-оос зөвшөөрөл авах ёстой, тэгсэнгүй. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн учраас УИХ энэ асуудлыг заавал хэлэлцэх ёстой. Хууль зөрчиж шийдвэр гаргасан шүүгч нартаа хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ асуудлыг нягтлан шалгах ёстой" гэв.