Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогоор зөрчил илрээгүй, 71 сая төгрөг зарцуулсан

Б.Ариунзаяа
2020/06/29

СЕХ-ны дарга Ч. Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын үр дүнг зарим нам эвсэл, нэр дэвшигчдын зүгээс эсэргүүцэж,  Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлагын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллого явууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан хяналтын тооллогод нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зургаан тойрог Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн таван тойрогт, нийтдээ 164 хэсэгт хамрагдлаа. Хяналтын тооллого хийхэд 2447 албан хаагч, нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, нийт 71,3 сая төгрөг зарлагдсан. Хяналтын тооллогыг хийхдээ цагдаа, тагнуулын албан хаагчдын хяналт дор зохион байгуулсан. Ингээд тооллого хийсэн 12 тойргийн 164 хэсэгт саналын тоо зөрсөн зөрчил гарсангүй. Хяналтын тооллого хийх явцад ажиглалт хийсэн нам эвслийн нэр дэвшигчдийн ажиглагчид  хяналтын тооллогын дүн мэдээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурлаа" гэв.