Ө.Эрдэнэболд: Ард түмэн сонголтоо үнэхээр хийжээ, миний хувьд эргэлзээ бүрэн арилсан

Б.Ариунзаяа
2020/06/29

Улс төрийн зарим намуудын төлөөлөл өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт Бие даан нэр дэвшсэн Ө.Эрдэнэболд “Миний хувьд  сонгуулийн үр дүн явцын асуулгаас жаахан зөрүүтэй гарсанд эргэлзэж байсан. Бие даагчид болон бусад намын төлөөлөл оролцсон саналыг гараар тоолох ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдээр 100 гаруй хэсгийн хороонд хийлээ. Ингэхэд нэг ч санал зөрсөнгүй. Ард түмэн сонголтоо үнэхээр хийжээ. Миний хувьд эргэлзээ бүрэн арилсан.

 Улс төрд олон жил бугшсан байсан зүйлийг энэ жилийн сонгууль арилгаж улс төрд шинэ салхийг орууллаа. У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайн ч зүйл бий муу нь ч бий. Эрдэнэтийн 49 хувийг улс өөртөө авч анх удаа нэг их наяд төгрөгийг улсад төвлөрүүлж чадлаа. Засгийн газар, Эрүүл мэндийн яам хариуцлагатай ажиллаж Ковид-19 цар тахлыг дотооддоо алдсангүй. Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдлээ. Гурван ээлжээр хичээллэдэг байсан сургуулиуд хоёр ээлжтэй болсон байна. Нийслэлийн утааг багасгалаа.20, 30 жил яригдсан нефть боловсруулах үйлдвэрийг бариад эхэлчихлээ. Үүнийг энэ Засгийн газрыг цааш нь үргэлжлүүлээсэй гэж бодож байна. 

Сонгууль эхлэхээс өмнө МАН 40 хувьтай, бидэнд 60 хувь байсан. Гэвч хэт олон бие даагч сонгуульд оролцсон учраас үлдсэн 60 хувиа хуваачихлаа. 23 дугаар тойрогт л гэхэд бие даагч болон намуудаас нийт 36 хүн нэр дэвшсэн. Тиймээс сонгуулийн дүнд эргэлзэх зүйл алга. Сонгогдсон хүмүүс маань УИХ-ын гишүүний үнэмлэхээ авчихлаа. Одоо бид сонгуулийн үр дүнг олон дахин яриад байх шаардлага алга. Харин сонгогдсон хүмүүстээ ташуур өгөөд сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байж улс орноо цааш нь хөгжүүлээд явах ёстой” гэв.