Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, зарим сумдад хөл хорио тогтоолоо

Админ
2020/06/30

Ховд аймагт Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Тодруулбал, Ховд аймгийн төвд 27 настай иргэнээс  сэжигтэй тохиолдол илэрчээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тухайн иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэгдүгээр хавьтлын 50 гаруй иргэнийг тусгаарлажээ. 

Эхний шинжилгээ нь эерэг гарсан иргэн найзууд, гэр бүлийн хамт тарваганы өвчлөл ихтэй бүс нутгаас тарвага агнажээ. Нийт 11 хүн гурван тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн байна. 

Тарваган тахлын нас баралт 30-40 хувьтай байдаг ба амьсгалын замаар дамжин халдварладаг. Иймд Ховд аймгийн Жаргалант болон Цэцэг сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дугаар 6 дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. 

Мөн Жаргалант, Цэцэг сумдад хяналтын пост ажиллуулж, үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгоод байна.