Х.Баттулга: Олны итгэлийг дааж иргэдийн боломжийг хулгайлалгүй, илүү их боломж олгож ажиллаарай

Б.Ариунзаяа
2020/06/30

УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө. Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэлэхдээ:
Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсон гишүүддээ баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан.
Тэд дээд байгууллагын нэр хүндийг унагаасан. Үйлдэл дээрээ баригдсан үед л УИХ-ын гишүүнийг баривчлах тухай хуулийн заалт бий. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үйлдэл дээр нь гэмтнийг баривчлах угаасаа боломжгүй юм. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу тал үүсгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тендер авсан нь тогтоогдсон УИХ-ын маш олон гишүүн бий.
Та бүхэн ард түмэнд л үйлчлэх ёстой шүү. Тэдний итгэлээр далимдуулан өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй” гэв. Мөн СЕХ-ны удирдлагууд огцрох ёстой. Мөн МҮОНРТ-ийн удирдлагууд иргэдийн эн тэнцүү мэдээ мэдээллээр хангаж чадсангүй хэмээн онцлон дурьдав. Сонгуулийн системийг халах цаг болсон. МАН нийт сонгогчийн ердөө 40 хувийн саналыг авсан атлаа УИХ-д үнэмлэхүй олонх боллоо. Мөн АН хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН цаашид намаа шинэчлэх цаг болжээ хэмээв.