Зам тээврийн сунгаа

Админ
2020/07/07

УИХ-ын найм дахь  удаагийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхан салбарын сайд, агентлаг, төрийн нарийн гээд албан тушаалуудын сунгаанд идэвхитэй гүйлдэж байна.

Ухаандаа тухайн салбарыг жаргал зовлонг нь мэддэг удирдаж гэмээнэ хөгждөг. Гэвч сүүлийн үед улс төрийн тохиролцоогоор тухайн цаг үед хэнийх нь бүлгэм хүчтэй байна, түүний төлөөлөл нь дахисан бурхан шиг залагддаг болсон нь нууц биш.

Энэхүү гаж тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай бөгөөд энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үнэлэгдэх үнэлэмж байгаасай хэмээн "ажилчин"  ангийнхан мөрөөдөж сууна.

Тэдний нэг нь Зам тээврийн салбар. Тэр дундаа төмөр замчид. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хамгийн их хэл аманд орсон салбар бол зам тээвэр. Төмөр замын осол, Дарханы зам, хүн амины хэрэг цаашлаад хээл хахууль, ЖДҮ хүртэл энэ салбарыг тойроогүй.

Энэ мэтчилэн муу бүхнээс салгах үүрэг хүлээх сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байна. УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, экс Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа, өнөөгийн дэд сайд Л.Халтар нарын нэрс сонсогдох...

Ж.Бат-Эрдэнийн хувьд тэрбээр холбооны инженер мэргэжилтэй,  мөн өнгөрсөн жилүүдэд Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хэл амгүй гүйцэтгэчихсэн. Л.Халтар бол мэргэжлийн төмөр замчин, магадгүй энэ албан тушаалд хамгийн их тохирох хүн байж мэднэ.

Харин Я.Содбаатарын хувьд  тус яамны сайдын албан тушаалыг 2 сарын хугацаанд хашсанаас гадна төрийн өндөр албан тушаалыг олон удаа хашиж байсан туршлага заадаг хүн бол Д.Хаянхярваа эдийн засагч мэргэжилтэй мөн л дутахааргүй “төрийн хар хүн”.  

Зам дагаад хөгжил гэдэг. Энэ салбарын томилгоо хэрхэн зөв хийгдсэнээс хамаарч, улс орны ирээдүйн хөгжил хамаарна.  Ялангуяа УБТЗ ХНН бол Монголын хамгийн хоцрогдсон байгууллагуудын нэг.

 Салж унах  дөхсөн хэдэн вагон, утаа хаялсан хэдэн зүтгүүр нь ачаа тээвэрт зүтгэж, аль 30 жилийн өмнө үйлдвэрлэл нь зогссон тэргээр зорчигчдоо зөөдөг энэ байгууллагын “толгойг” зөв л хүнээр удирдуулахгүй бол өнгөрсөн хугацаанд удирдлагын түвшинд гарч байсан завхралууд давтагдаж, мянга мянган төмөр замчдын чих халууцсаар байх болно гэдгийг МТЗ-ынхан сануулж байна.