Н.АЛТАНХУЯГИЙГ АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ С.ЭРДЭНЭ ҮҮРЭГДЖЭЭ

Админ
2020/07/08

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хоёр дахь удаагийн үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН дараагийн даргаа тодруулахаар нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн. 2016-2020 оны парламентад тааруухан үнэлгээтэй сөрөг хүчнээр ажилласан тэдэнд сонгогчид үнэлгээ тавьж, УИХ-д 11 суудлыг олгосон юм. Үүнтэй холбоотойгоор Намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ мэдээлэл хийж албан тушаалаасаа огцорч буйгаа сонгуулийн дараа өрнөсөн үйл явдал.

Улмаар АН-ын даргын тамгыг УИХ-ын гишүүн, Намын дэд дарга Ц.Туваанд өнөөдөр албан ёсоор хүлээлгэж өгчээ. АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хүмүүсийг энэ сарын 6-наас эхлэн бүртгэж, маргааш дуусгавар болох юм. Харин энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-нийг хүртэл Намын даргын сонгуулийн сурталчилгааг зохион байгуулж, 16-нд даргаа сонгохоор төлөвлөөд буй. Шинээр сонгогдсон даргыг ирэх сарын 23-нд товлосон АН-ын Х Их хурлаар батламжилж, томилох учиртай.

Сонирхолтой нь, Намын даргад нэр дэвшигчдээс ямар нэгэн дэнчин авахгүйгээр нээлттэй өрсөлдөхөөр болсон гэх АН-ын сунгаанд Орхон аймгаас бие даан нэр дэвшиж, сонгогдсон Н.Алтанхуягийг бүртгэхгүй байх үүргийг С.Эрдэнэ өгсөн гэнэ. 

Одоогийн байдлаар АН-ын даргын сунгаанд сайд асан Ц.Оюунгэрэл, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар өрсөлдөхөө албан ёсоор илэрхийлээд байгаа юм. Харин албан тушаалаасаа буусан С.Эрдэнэ АН-ын дараагийн даргыг тодруулах сонгуульд ийнхүү ач холбогдол өгч эхэлсэн бололтой. Тус Намын дараагийн даргын асуудал хөндөгдөж эхлэх үеэр Н.Алтанхуягийг өрсөлдөх магадлалтай хүнээр тодруулж эхэлсэн байдаг.