Дэлхийн 44 улсаас 12,853 иргэнээ татан авчээ

Админ
2020/07/09

УОК-ын 26 дугаар ээлжит хурал боллоо. Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин, үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллахыг үүрэг болгов. Ус, цаг орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилсан мэдээгээр 7, 8 дугаар сард хур бороо элбэг байхыг анхаарч, холбогдох байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийг мэдээллээр тогтмол хангахыг анхаарууллаа. 

Нийслэлд автозам, гудамж талбай дахь ус зайлуулах хоолойнуудын цэвэрлэгээ, арчилгааг нэгдсэн зохион байгуулалтаар хийж, шинээр барих шаардлагатай ус зайлуулах суваг, үерийн далангийн нэгдсэн зураг төслийг боловсруулж дараагийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа бөгөөд энэ сард 11 удаагийн захиалгат нислэгэээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12,853 иргэнийг татан авсан байна. Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Иймд эдгээр иргэдээ бүгдийг татан авахын тулд татан авах ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, зочид буудал, амралт үйлчилгээний газруудыг дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг судлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.