​ Иргэдийн мэдэх эрхийг хамгаалахын тулд сэтгүүлчид өөрсдийгөө хамгаалах ёстой

О.Эрдэнэдаваа
2020/08/12

/Хөвсгөл нуурын эрэг дээрхи сэтгүүлчдэд зориулсан сургалт, аяллын тэмдэглэлээс.../

Нийгмийг сайн сайханд хөтлөн манлайлж соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэдэг хүмүүс бол сэтгүүлчид. Гэвч өнөөдрийн нийгэмд иргэдэд зөв мэдээлэл хүргэснийх нь төлөө сэтгүүлчийг гүтгэн доромжилдог, нэр төрд нь халдаж эрх чөлөөг нь шууд болон шууд бусаар боомилох гэсэн оролдлогууд байсаар байна. Тэгвэл сэтгүүлчийн мэргэжлийн байгууллагууд маань нийгмийн “эмч” эрүүлжүүлэгч болсон сэтгүүлчдийнхээ дуу хоолойг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах тал дээр тодорхой алхмуудыг эрчимтэй хийж эхлээд байна. 

Энэ удаад “Нийслэлийн сэтгүүлчдийн Нэгдсэн холбоо”, “Мазаалай номадик тур” аяллын компани болон “Байгаль үүд” амралтын баазтай хамтран сонин, сэтгүүл, сайт, радио, телевизийн сэтгүүлч хэвлэл мэдээллийн 40 гаруй ажилтнуудыг хамруулсан зуны сургалт аяллыг зохион байгууллаа. 

Энэхүү аяллын гол зорилго нь зуны дэлгэр цагт байгалийн сайхан бүрдсэн Хөвсгөл нуурын хөвөөнд сэтгүүлч сэтгүүлчтэйгээ тулгамдаад байгаа асуудлаа ярилцах, гарц шийдлийг эрэлхийлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах тал дээр хэрхэн хамтарч ажиллах гэх мэт олон асуудлыг ярилцсан юм.


2020 оны 8-р сарын 06-ны өглөөний 06.00 цагт хөдөлсөн бидний аялал Булган аймгаар дамжин Хөвсгөл аймгийг зорьсон юм. 18 орчим цаг үргэлжилсэн урт аяллын туршид сэтгүүлч сэтгүүлчидтэйгээ танилцах үзэл бодлоо хуваалцах, Нийслэлийн сэтгүүлчдийн холбооныхоо өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах гэх мэт олон ажлыг замын турш амжуулсан. Хангай газрыг зорьсон урт замын турш Дарханы замын эвдрэлээс шалтгаалан энхэл донхол замыг туулсан бид энэ цаг хугацааг ашиглан танихгүй нэгэнтэйгээ танилцаж таньдаг хүмүүстэйгээ сонин сайхнаа хуучилсаар явсан юм. Бидний зорьсон Хөвсгөл аймаг бол Монголын Швейцарь гэж нэрлэгддэг, улсдаа төдийгүй Дэлхийд алдартай байгалийн сайхан цогцолсон газар.

 Дэлхийн цэнгэг усны 1 хувь Монголын нийт цэвэр усны 70 хувийг дангаараа эзэлдэг Хөвсгөл нуураас гадна Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа Ангарская үүлдрийн хар ямаа, утсан, жигнэсэн загас, цаатан, цаа буга, дотоодын аялал жуулчлалын хамгийн том цэг гээд олон юмаараа алдартай сайхан нутаг. Тиймээс ч байнгын чимээ шуугианд байдаг сэтгүүлчдийн хувьд байгалийн сайханд номын дуу сонсож сонороо мялаах боломжийг атгасандаа туйлын их баяртай байснаа нуух юун. 

Хөвсгөл аймгийг зорьсон бид аяллын туршид нутаг орны онцлогтой танилцахаас гадна цаатан, цаа буга гэх Хөвсгөлөөс өөр хаана ч байхгүй өвөрмөц соёл иргэншилтэй хүмүүсийн аж байдалтай танилцах завшаан олдсон юм. Нэг зүйл сонирхуулахад Хөвсгөлийн сүрлэг уулс бол дэлхий дээр хамгийн ховорт тооцогдох зэрлэг цаа буганы тархалтын хамгийн өмнөд цэгээр нэрлэгддэг. Тэр ч утгаараа Хөвсгөлийн тайга, аглаг уулсад хүний хөл хүрээгүй газар олон бий.


Альпийн уулстай андуурагдмаар сүрлэг уулс, сүн далай ээжийн эрэг хөвөөнд 2 хоног саатсан бидний гол ажил бол Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт байлаа.Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш А.Амартүвшин “Сэтгүүлчдийн аюулгүй байдал, хамгаалалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагынхны аюулгүй байдал бие махбод, сэтгэл зүй, цахим орчинд алдагдаж буй талаар ярилцсан юм. 

Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдаагүй, тэд хамгаалагдаагүй бол үзэл бодол, мэдээлэл солилцох олон нийтийн талбарын хувьд хэвлэл мэдээллийн мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг тэрбээр онцолсон. Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” төвөөс өнгөрсөн онд гаргасан сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаагаар сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгаанд хэвлэл мэдээллийн байгууллагын 300 сэтгүүлч хамрагдсан байна. 


Мэдээлэл өгөхөөс татгалзсан явдал 10 сэтгүүлч тутмын долоод нь дор хаяж нэг удаа тохиолдсон байна. Тэр ч бүү хэл, таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр биед нь хөнгөн болон хүнд гэмтэл учруулжээ. Хэрэв ямар нэгэн дарамт, шахалтад орсон бол эрхлэгч, бусад сэтгүүлчид мэдэгдэхээс гадна гэр бүлийнхэндээ ч хэлэх хэрэгтэй гэнэ. Тогоон доторх асуудлаа төдийлөн ил гаргах дургүй сэтгүүлчид энэ удаа халуухан маргаан өрнүүлсэн юм. Өрөөлийн төлөө гүйдэг хэрнээ өөрийн төлөө дуугардаггүй сэтгүүлчдийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал алдагдсан нь олон нийтийн мэдээлэл олж авах эрх зөрчигдсөн гэсэн үг учраас энэ сэдэв яахын аргагүй энд ирсэн хэдэн сэтгүүлч гэхээсээ илүүтэй иргэдийн мэдэх эрхийг хамгаалах асуудал болж хувирсан юм. 

Ийнхүү 2 хоногийн турш Далай ээжийн хөвөөнд саатсан бидний аялал Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод байрлах “Далай ээж” брэнд бүтээгдэхүүний захаар орсноор өндөрлөсөн юм. Энэ жилийн хувьд Корона вирусын цар тахлаас улбаатай дотоодын аялал жуулчлал эрэлт хэрэгцээтэй байна. Тиймээс сэтгүүлчдийн зүгээс байгальд амарч аялахдаа онгон байгалиа хамгаалж хог хаяхгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Мөн энэхүү аялал, сургалтыг зохион байгуулсан Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Мазаалай Номадик тур, ая тухтай амрааж амтат хоолоор дайлсан Байгаль-Үүд амралтын газрынхандаа гүнээ талархсанаа илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа иргэдийн мэдэх эрхийг хамгаалах чухал ажил боллоо. Харин сэтгүүлчид бид сурсан мэдсэнээ бусдадаа түгээж, иргэдийнхээ мэдэх эрхийг хамгаалахын төлөө өөрсдийнхөө ч эрхийг давхар хамгаалах ёстойгоо мэдэж авсан чухал уулзалт, сургалт амралт болсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна