ХЗБХ-ны дарга С.Бямбацогт төсвөөс өмнө төлөвлөгөөгөө боловсруулахыг Засгийн газарт санууллаа

Админ
2020/09/11

УИХ-ын ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л-Оюун-Эрдэнэд холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр албан бичиг явуулсан байна. 

Албан бичигт Монгол улс сүүлийн 30 жилд анх удаа Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө болох Үндсэн чиглэлийг УИХ-аар баталсан болохыг дурджээ. Мөн хөгжлийн бодлогодоо нийцүүлж Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан “Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн, АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны  хөгжлийн бодлого хэлбэрэлтгүй хэрэгжих үндэс ч ийнхүү тавигдсан гэдгийг онцолжээ.

Гэхдээ Үндсэн хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Засгийн газар ирэх оны төсвийн төслийг  боловсруулахдаа богино хугацааны буюу 1 жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулж УИХ-аар батлуулах ёстой гэдгийг С.Бямбацогт гишүүн албан бичигтээ дурдсан байна. Ингэхдээ тэрхүү төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээ бүр санхүүжилтийн баталгаат эх үүсвэр, хариуцах эзэн, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвтэй байх ёстой ч сануулжээ.

Үндсэн хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилж улсын төсвийн төслийг боловсруулж Их хурлаар батлуулах нь Засгийн газрын үүрэг юм байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийг нэг мөр зөв ойлгон хэлбэрэлтгүй, хийдэл дутагдалгүй хэрэгжилтийг хангуулах чиглэлээр УИХ-ын ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг илгээжээ.

Хуулийн хэрэгжилтийг хангаснаар татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг улсын төсвийг үр ашигтай зарцуулах, хөгжлийн бодлогодоо хөтлөгдсөн төсөв баталдаг байх асуудал нэг мөр хэрэгжих юм.


 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.66.151
    2020/09/11

    Төрийн албыг тогтвортой байлгана гэж ярьдаг.Энэ чинь эсрэгээрээ халаа сэлгээ нэрийдлээр өөрийн багийн хүмүүсээр дүүрлээ энэ яам,агентлаг чинь.Үүнд та анхаарах цаг ирсэн хэлье.Энэ балиар төрийн алыг хүчгүй чадваргүй төрлийн болгодог үйлдэл чинь хэзээ зогсох юм бэ.Энэ талаар асуулга ЕСайд ЗГХЭСайд 2-т өгөөчээ.Төрийн албаа хамгаалаачээ.Дарамт шахалтаа болиочээ

    Хариулах