Өвөрмонголчуудад цагдаа нар “хүч” хэрэглэж байна!

Админ
2020/09/15

Өнгөрсөн долоо хоногт Эрээн хотын Монгол сургуулийн захирал Улаан хос хэлний дарамт шахалтаас болж амиа хорлосон харамсалтай үйл явдал болсон. 

Тэгвэл Өвөр Монголын өөртөө засах улсад өрнөж буй БНХАУ-ын Коммунист намын төв хорооны хэлний бодлогыг эсэргүүцсэн тэмцлийг цагдаа, хууль хяналтныхан хүчээр сулруулж байна.

Тодруулбал ӨМӨЗО-ны Зүүн Сөнөд Хошууны 10 гаруй даргыг ажлаас нь халжээ. Ингэхдээ гацаан дарга /манайхаар багийн Засаг дарга/ болон намын хэсгүүдэд шийтгэл өгсөн байна. Энэ талаар өчигдөр нэгэн Өвөрмонгол иргэн “Монгол багш нар бүгд барьцаанд ороод байна. Бусад аймаг хот нэгэнт цэрэг цагдаагийн дарамтанд орсон байдалтай байна. 

Цагдаагийн байгууллагаас шууд дарамт үзүүлж байна. Одоо зөвхөн Шилийн голын хэмжээнд эсэргүүцэл болж байна. Малчдад одоогоор ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Гэхдээ өдрөөс өдөрт цагдаагийнхны дарамт шахалт нэмэгдэж, маргааш юу хэн ч хэлж мэдэхгүй байна” хэмээн мэдээлсэн юм. 

Харин өнөөдрөөс эхлэн Өвөрмонгол хүүхдүүдийг цагдаагийнхан хүчээр сургуульд нь хүргэж өгч эхэлжээ. Тэмцэл өрнөснөөс хойш найман мужийн 1000 орчим сурагчтай сургуульд ердөө 40 хүүхэд бүртгүүлсэн байдалтай байсан. Бүртгүүлсэн сурагчийн зарим нь бодлоо өөрчилж ердөө 10 нь сургуульдаа үлдсэн гэх. 

Тиймээс багш нар сурагчдаа буцаан авчрахаар гэрт нь очсон ч эцэг эхчүүд “Хичээл заах хэлийг өөрчилсөн нь тэдний төрөлх хэлэнд аюул учруулж байгаад санаа зовнисон тул хүүхдээ сургуульд явуулахгүй”  гэцгээсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн цагдаагийнхан ийн хүч хэрэглэж, тэмцлийг сулруулахаар эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна