​ Харилцан хамаарал-2020: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Дээд хэмжээний уулзалтад​ үг хэлэв

Админ
2020/09/18

“One Shared.World” буюу “Хамтын нэг ертөнц” олон нийтийн байгууллагын санаачилгаар 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан “Харилцан хамаарал-2020: Дээд хэмжээний уулзалт”-д Монгол Улсын УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д. Цогтбаатар урилгаар оролцож салбар хэлэлцүүлэгт үг хэлэв.

 Тэрээр хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан цар тахал аюулаас улбаалж олон улсын харилцаа, ялангуяа олон талт дипломат үйл явц нь цахим орчинд дасан зохих шинэ нөхцөл үүссэн. Үүний тод илрэл нь түүхэнд анх удаагаа НҮБ-ын 75 дугаар чуулган цахим хэлбэрээр хуралдаж эхэлж байна. Цар тахлын энэ нөхцөлд олон улсын байгууллагын үүрэг роль, манлайлал улам бүр нэмэгдэж байна гэв.

Дээд хэмжээний цахим уулзалтад ДЭМБ-ийн Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гибрейсус үндсэн илтгэгчээр оролцож үг хэлсэн бөгөөд салбар хуралдаануудад Харвардын Их сургуулийн профессор Жозеф Нэи, Принстоний Их сургуулийн профессор Ричард Фолк, ДЭМБ-ын Ковид-19-ийн зохицуулагч Дэвид Набарро, Дэлхийн дүрвэгчдийн зөвлөлийн дарга Ллойд Эксворти, Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсетти зэрэг олон улсын байгууллага болон төр, нийгмийн зүтгэлтэн оролцов. Цахим уулзалтыг дэлхийн өнцөг булан бүрээс дөч гаруй мянган төлөөлөгч оролцон үзэж сонирхжээ.

“One Shared.World” байгуулага нь хүн төрөлхтөнд илүү сайн ирээдүйг цогцлоон бий болгож, тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөл бүрийн соёл, хамтын нийгэмлэг, ястан, байгууллага, хуулийн этгээд, ашиг сонирхлын бүлэг, үндэстэн хооронд хамтран ажилладаг оролцогч талуудыг хамарсан өргөн хүрээний хөдөлгөөнд үндэслэсэн ба үйл ажиллагааныхаа гол үзэл санааг “Харилцан Хамаарлын Тунхаглал”-д тусгасан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.55.221.13
    2020/09/21

    ичдэггүй. Дараагийн сайдаа ажлыг нь хийлгээч! Өмнүүр нь орж гүйгээд, хятадын айлчлалын үеэр ч ерөнхийлөгчийэ дэргэд очиж суугаад! Өөрөө ичдэггүйн байхдаа!

    Хариулах