Ч.Хүрэлбаатар: Монгол Улс Саарал жагсаалтаас гарснаар гадаад дотоод гүйлгээг хянаж шалгах явдал буурна

Админ
2020/10/14

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын "Саарал жагсаалт"-аас урьдчилсан байдлаар гарсан талаар дараах тайлбарыг хийлээ.   

-Монгол Улсын Саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдвэрлэдэг ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг хуралдсан. Энэ нь манай УИХ-ын Байнгын хороо гэсэн үг. Энэ хурлаар манай улсад  ажилласан үнэлгээний хэсэг тайлангаа танилцуулаад, Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналаа илэрхийлсэн. 

- Эхлээд АНУ-ын Сангийн яам Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байна гэдгээ хэлсэн. Үүний дараа Английн Сангийн яам, БНХАУ-ын төв банк, Евро Азийн мөнгө угаах, терроризмийн эсрэг зөвлөл Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байгаагаа хэлэхэд манай улсын Саарал жагсаалтаас гаргах саналыг эсэргүүцэх улс орон байгаа эсэхийг лавлахаднэг ч улс эсэргүүцээгүй. 

- Онлайн хуралд 100 гаруй орон оролцсоноос бүгд 100 хувийн саналаар Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах санал  хурал дээр дэмжигдсэн. Ингэснээр аравдугаар сарын 21-23-нд хуралдах нэгдсэн хуралдаанаар баталгаажна.  

- Бид энэ сарын сүүлээр болох ФАТФ-ын хуралдаанд оролцохгүй. Харин гишүүн орнууд нь оролцоод хяналтын бүлэг дээр яригдсан асуудлуудыг баталгаажуулна. 

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын төлөөллүүд манай улсыг тавигдсан бүх шаардлагыг хангасан гэж үзсэн. Хууль эрх зүйн орчинтой болсон, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудлууд ахицтай явж байна гэж үзсэн. 

-Одоо Монголоос ААН-, иргэд гадаад руу гүйлгээ хийхэд банкууд хаанаас орж ирснийг хянаад Монголоос байвал зайлшгүй хянах ажиллагаа хийж, нэмэлт зардал гаргаж байсан. Тэгэхээр одоо ФАТФ-ын шийдвэр баталгаажмагц Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргаад, мэдээллээ ФАТФ өөрийн вэб сайтдаа тавих юм. 

Ингэж дэлхий нийтэд Монгол Улс Саарал жагсаалтаас гарсныг мэдэгдсэнээр гадаад дотоод гүйлгээг хянаж шалгах явдал харьцангуй буурна гэлээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.51
    2020/10/14

    Хүүхдээ зодчихоод аргадаад уур хүргэдэг шиг өөрсдөө оруулчихаад одоо нээх саарал жагсаалтнаас гаргаад өгчихсөн гиыгүүлж байгаа юм шиг сүртэй юм болох нь ээ

    Хариулах
    • 66.181.161.103
      2020/10/14

      хэн оруулж хэн гаргасныг нь ялгах хэрэгтэй. Гаргасан хүмүүст баяр хүргэе